Төрийн байгууллагуудын цомхотгол, бүтэц өөрчлөлтийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрээр "Засгийн газрын бүтцэд 58 үндэсний хороо байсныг хоёр дахин бууруулна. Яамдын бүтцийн нэгжийг 31 хувиар цомхотгоно. Өөрөөр хэлбэл дарга нарын тоог цоолно. Өнөөдөр 16 яаманд нийт 138 газар байсан бол 109 болгон цөөлж байна. Хэлтсийн тоо 132 байсныг 77 болгон бууруулна. Яамдын газар, хэлтсийн дарга нарын орон тоо 270 байсныг 186 болгон цөөлөхөөр баталлаа. Энэ хүрээнд нэг яам дээд тал нь 14 дарга, цөөндөө 10 даргатай байхаар бүтцийн өөрчлөлт хийж байна. Хамгийн олон газар, хэлтсийн даргатай байсан Эдийн засаг хөгжлийн яам гэхэд л 28 удирдах ажилтантай байсан бол 18 боллоо.
Хоёрдугаарт, ард иргэд, ААН-ийн хүсэн хүлээсэн газартай холбоотой асуудал удаан хугацаанд хүлээгдэж байсныг шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд газрын харилцаа, нэгдмэл сангийн асуудал эрхэлсэн агентлаг ажилладаг. Газар бол Монгол Улсын хамгийн үнэтэй өмч. Иймээс газрын нэгдмэл сангийн төлөвлөлт, зохион байгуулалт, удирдлагын асуудал Засгийн газрын түвшинд яригдана. Харин газар олгох асуудлыг хурдан шуурхай шат, шатны удирдлагын түвшинд хийх зохицуулалттай болгохоор болсон. Мөн эрчим хүчний компаниудыг нэгтгэх асуудлыг эхлүүлсэн. Энэ Засгийн газрын баримтлах бодлого бол төрийн албыг цомхон, чадварлаг, хамгийн оновчтой бүтэцтэйгээр илүү өндөр үр дүнтэй, бүтээмжтэй ажиллах зохион байгуулалтыг хийнэ. Түүнчлэн, төрийн өмчит компаниудыг дээрх зохион байгуулалтад оруулна. Энэ хүрээнд Нийтийн өмчийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо" гэв.