Төсвийн тодотголыг баталсаны дараа дэд сайд нарыг томилох бөгөөд МАН-аас СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, уяач Б.Нямжав нарын нэр яригдаж байна

Төсвийн тодотголыг баталсаны дараа дэд сайд нарыг томилох бөгөөд МАН-аас СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, уяач Б.Нямжав нарын нэр яригдаж байна

Одоогоос яг нэг жилийн өмнө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүх дэд сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Тэгвэл Г.Занданшатарын Засгийн газар тус албан тушаалыг сэргээх нь. Бүр тодруулбал, өчигдөр /2025.06.25/ УИХ-д өргөн барьсан 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, баталсаны дараа дэд сайдын асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлэх нь нэгэнт тодорхой болжээ. 

-ТӨСВИЙН БАТАЛСАНЫ ДАРАА ДЭД САЙД НАРЫГ ТОМИЛНО-

Саяхны нэг өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар “Дэд сайдын асуудал хуульд байгаа. Өмнөх Засгийн газрын үед ч орон тоо, төсөвтэйгөө байсан. Хэл ам, шүүмжлэлээс айгаад томилоогүй юм билээ. 10-20 хүний төсвийг хэмнэснээс тэднийг ажиллуулаад 1,000-2,000 хүний ажлыг хийлгэж, үр ашигтай байлгаж болно шүү дээ. Гадаад харилцааны сайд гадагшаа явсан үед зочин ирвэл түүнийг орлох хүн байх ёстой. Ямар ч компанийн удирдлагын нэгжид орлох хүн заавал байдаг. Засаг дарга ч орлогчгүй бол ажил нь явдаггүй. Дэд сайдын асуудал хуульд ч бий, төсөв, орон тоо нь ч байгаа. Орлогч сайд бол дэлхийн бүх улсад байдаг орон тоо. Нэгээр ч тогтохгүй байдаг. Энэ бол улс төрийн албан тушаал. Хэмнэх гэхээсээ илүү бодит үр ашгаа тооцож Засгийн газрын хуралдаан болон УИХ-ын гишүүдтэй зөвшилцөж шийдэх ёстой гэж үзэж байна" гэж чуулганы индэрээс мэдэгдсэн. 

Юуны өмнө өмнөх Засгийн газрын үед МАН, АН, ХҮН намаас томилсон бүтээмж болон хяналтын 400 менежерийг татан буулгаж байна. Тэдний зөвхөн цалингийн зардал 29 орчим тэрбум төгрөг. Цалингийн зардлаас гадна унаа, байр бусад хангамжийн зардал нэмэгдэнэ. Түүний оронд  16 дэд сайдыг 414 сая төгрөгийн цалинтай ажиллуулж, 58 дахин хэмнэлт хийж болно гэж үзэж байгаа аж. Дэд сайдыг томилох сургаар өнгөрсөн долоо хоногоос эхлэн Төрийн ордонд "сонин" хүмүүс харагдах болсон. Идэвхтэй уулзалт хийж буй хэсэг ч байна.

-400 ХЯНАЛТ, БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕРИЙН АЛБАН ТУШААЛЫГ ТАТАН БУУЛГАЖ 16 ДЭД САЙДЫГ АЖИЛЛУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЖЭЭ-

Тэгвэл МАН-аас дэд сайдын албан тушаалд томилохоор яригдаж буй хүмүүс нь Уяач Б.Нямжав, МАН-ын дэргэдэх залуучуудын холбоо СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, Боловсролын дэд сайд асан Г.Ганбаяр, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн, УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг, сэтгүүлч Л.Нинжжамц, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Амарсанаа, Сангийн дэд сайд асан С.Мөнгөнчимэг, "шилэн" нэртэй Б.Цогтгэрэл нар байна. 

Шагналын, гомдогчдод зориулсан бэлгийн албан тушаал гэх хоч зүүж ирсэн дэд сайд нь сайдынхаа эзгүйд орлох үүрэгтэй.

Засгийн газрын тухай хуулинд “Дэд сайд нь сайдад улс төрийн бодлогын асуудлаар зөвлөх, мэдээллээр хангах, сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах, сайдын даалгаснаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах, сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх” гэсэн үндсэн үүрэгтэй гэж заажээ. Тэгвэл энэ удаа Ерөнхий сайд Г.Занданшатар дэд сайдыг томилох асуудлыг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.