Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Д.Амгалан “Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил хангагдаад 80 хувьд хүрлээ. Холбогдох гэрээнүүд бүрэн хийгдэж, төсвийн санхүүжилт 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Наадмын билетийн үнэ нэмэгдээгүй өнгөрсөн жилийнхтэй адил байна. Багцаасаа хамаараад 100-150 мянган төгрөгөөр борлуулна. Нээлт, хаалтын билетийг Enaadam.mn сайтаар худалдана. Нээлтийн тоглолтыг орой нь давтаж тоглоно. Энэ тоглолтын билет 80 мянган төгрөгийн үнэтэй байна” гэлээ.
Харин Бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар “Үндэсний бөхийн салбар хороо нийт 38 арга хэмжээг наадмын өмнө болон наадмын үеэр зохион байгуулна. Уг ажлын гүйцэтгэл 76 хувь байна. Үндсэндээ баяр наадмын үеэр хийх ажил, арга хэмжээ үлдсэн. Хуулийн дагуу 512 бөх барилдана. Барилдах бөхчүүдийн бүртгэл долдугаар сарын 09-нөөс эхэлнэ. Хууль, журмын дагуу шөвгөрсөн 32 бөх, 16 харваач гээд нийт 48 тамирчин допингийн шинжилгээнд хамрагдана. Допингийн шинжилгээг Герман Улсын Допингийн эсрэг итгэмжлэгдсэн лабораторид биечлэн хүргэж, хариуг авахаар ажиллаж байна. Допингийн шинжилгээний хариуг богино хугацаанд буюу 48 цагийн хугацаанд гаргана. Харин эргэлзээтэй хариуг дахин нягтална. Бөхийн барилдаан болох Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэгжүүлэлтийн ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрынхан хийсэн. Хиймэл зүлгийг шинэчилж туршилтын барилдааныг энэ зүлгэн дээр туршиж үзсэн. Бөхчүүдийн зүгээс “Зүлгийг сайжруулсан байна” гэсэн. Мэдээж бороотой гулгаатай үед халтиргаа гардаг. Тэгэхээр бөхийн дэвжээ, галууд үүндээ тохируулан бэлтгэлийг хангаж байгаа гэдэг мэдээллийг өгч байгаа. Ажил хэвийн явж байна” гэв.
ВИДЕО: