М.Мандхай: Төсвөөс танах ёстой зардлуудаа танасангүй. Харин хөдөө аж ахуйг дэмжих чухал төсвийг хассан байна

М.Мандхай: Төсвөөс танах ёстой зардлуудаа танасангүй. Харин хөдөө аж ахуйг дэмжих чухал төсвийг хассан байна

УИХ-ын гишүүн М.Мандхай нарын гишүүд 2025 оны төсвийн тодотголтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн М.Мандхай, "Засгийн газар Улсын их баяр наадмын өмнө амлалтаасаа буцсан том бэлгийг иргэдэд барилаа гэж харж байна. Ард түмнээ хүнсээр хангах, өртгийн сүлжээг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлээ хагжүүлэх гэсэн үндсэн зорилтуудыг биелүүлэхээр амлаж байсан. Гадаад нөхцөл хүндрэлтэй энэ цаг үед бидний хувьд найдвартай, баталгаат хүнсээр хүнсний хангамжийг бүрдүүлэх, импортоос хэт хамааралтай байдлыг буулгах, валютын ханшны эрсдлээс өөрсдийгөө хамгаалах, орон нутаг дахь ажлын байрыг нэмэгдүүлэх нь чухал байна. Ийм цаг үед төсвийн тодотгол хийх нь зайлшгүй шаардлагатай бөгөөд дэмжиж байгаа. Харамсалтай нь төсвийн үргүй зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарна гэсэн нь үлгэр байж. Төсвөөс танах ёстой зардлуудаа танасангүй. Харин хүнсээ бэлдэх, хөдөө аж аухйн тулгуур түүхий эдийг бодлогоор дэмжих чухал төслийг хассан байна. Өөрөөр хэлбэл хүнсний бодлого, малчин ард, орон нутгийн хөгжлөөс ухарлаа. 

Хөдөө аж ахуй нь ажиллах хүчний 24 хувийг бүрдүүлдэг манай улсын томоохон салбар бөгөөд дотоод шилжилт хөдөлгөөний гол хүчин зүйл юм. Гэтэл 2025 оны улсын хөрөнгө оруулалтын 76.6 хувь нь зургаахан салбар дээр төвлөрч байна. Үүнд хөдөө аж ахуйн салбар ороогүй. Хөрөнгө оруулалтын салбаруудын хувьд хэт төвлөрсөн, зарим салбар системтэйгээр давуу байдалд орж байгааг харуулж байна. Цөөн хэдэн салбарт хэт төвлөрсөн хуваарилалт нь бусад салбарын суурь хүчин зүйлийг дэмжих нөхцөлийг доройтуулах эрсдэлтэй бөгөөд төрийн бүх шатны байгууллагын чадавх, үр нөлөө, ашигт ажиллагааг хангахад сөргөөр нөлөөлж, болзошгүй байна. Иймд хөрөнгө оруулалтыг зөвхөн хэмжээний хувьд бус чанар, үр ашиг, хэрэгцээ шаардлагын үндсэн дээр дахин хуваарилах бодлого чухал. Уул уурхайн бус аж үйлдвэрийн салбарыг дэмжвэл эдийн засгийн үр нөлөө илүү бодитой байх боломжтой. Тэвчиж болох тоног төхөөрөмж, их засвар гэхэд л шинээр тавьсан төсөв нийлээд 500 орчим тэрбум төгрөг байна" гэжээ.