Барбадос, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго, Бүгд Найрамдах Ботсвана, Эсватинийн Хаант улстай дипломат харилцаа тогтоох тогтоолын төслийг дэмжлээ

Барбадос, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго, Бүгд Найрамдах Ботсвана, Эсватинийн Хаант улстай дипломат харилцаа тогтоох тогтоолын төслийг дэмжлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.07.01/ хуралдаанаар “Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Эсватинийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд найрамдах Тринидад ба Тобаго улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, Нэгдсэн чуулганд танилцуулахаар боллоо.

Дээр дурдсан улс орнуудтай дипломат харилцаа тогтоосноор НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон талт тогтолцоо, механизмын хүрээнд нийтлэг ашиг сонирхлын төлөө харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломж нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн Монгол улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг бодлогын суурь баримт бичигтэй зарчмын хувьд нийцэж байгаа төдийгүй, бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр хуулийн төсөл боловсруулах, хүчингүй болгох шаардлагагүй юм байна.