ТББХ: УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг сонгох саналыг дэмжлээ

ТББХ: УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг сонгох саналыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.07.04/ хуралдаж Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлэг тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг сонгохоор санал нэгдсэн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Ц.Даваасүрэн нь 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1989 онд ЗХУ-ын Харковь хотын Политехникийн дээд сургууль төгссөн. 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтыг бизнесийн удирдлагын менежер мэргэжлээр, 1998 онд Япон Улсын Сайтомо их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. 1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматик инженер, 1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн, 1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга, 1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга, 2005-2008 онд БСШУЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга, 2005 онд Монгол Улсын Шадар сайдын эдийн засгийн зөвлөх, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2010 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2012-2014 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2016-2020 УИХ-ын гишүүн, 2017-2020 онд Эрчим хүчний сайд, 2020-2024 онд УИХ-ын гишүүн, 2023-2024 онд Барилга, хот байгуулалтын сайд, 2024 оноос УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байгааг танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ц.Сандаг-Очирыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, тус дэд хорооны даргаар Ц.Даваасүрэнг сонгох саналыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.