Байнгын хорооны саналаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн Г.Адъяаг томилох, Үндэсний зөвлөлийн гишүүнээс Ц.Сүхбаатарыг чөлөөлөх талаарх санал хураалтыг хойшлуулаад Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулжээ. Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед дэмжигдсэн зарчмын саналуудыг төсөлд тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026- 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 2025 онд 5.5 хувь, 2026 онд онд 6.0 хувь, 2027 онд 6.5 хувь байх, хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 2025 онд 9.5 хувь, 2026 онд 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь байхаар тооцжээ. Мөн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг 2025 онд 30,209.9 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.6 хувь, нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээг 31,575.1 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бутээгдэхүүний 35.1 хувь, нэгдсэн төсвийн тэнцэржүүлсэн тэнцлийн алдагдал -1,365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -1.5 хувьтай тэнцэхээр байгааг Х.Ганхуяг гишүүн танилцуулав.
Төсвийн байнгын хорооны дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, Л.Мөнхбаясгалан, Б.Заяабал, С.Эрдэнэбат, Б.Түвшин нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авсан юм. Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлэв. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 16 асуудал хэлэлцэхээр товлосон бөгөөд 11 дэх асуудал болгон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгээр үргэлжиллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.