Манай улсын нүүрсний экспорт саарч, улсад орж ирэх орлого тасалдсан нь төсөвт шууд нөлөөлж, 2.3 их наяд төгрөгөөр танаж, тодотгох хэмжээнд хүрээд байна. Үүссэн алдагдлыг нөхөхийн тулд Засгийн газар “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлж, алтны олборлолтыг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Учир нь эдийн засгийн хүндрэлтэй үед “Алт” хөтөлбөрүүд л манай эдийн засгийг тогтвортой байлгаж, аврал болсон нь олонтой.
-ТАНИЛ ПИАРЫН ХУУЧИН ТЕХНОЛОГИ-
Иймд өнгөрсөн Пүрэв гараг /2025.07.04/-аас эхлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Алт-3 аяныг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Алт-3 хөтөлбөртэй холбоотой тогтоолыг би эсэргүүцнэ. Учир нь энэ тогтоолыг баталчихвал Ноён уулан дахь алтыг ухах боломж бүрдэх юм. Ноён уулыг ухвал ард иргэдийг бослого, тэмцэлд уриална” хэмээн мэдэгдсэн.
ВИДЕО: Л.Мөнхбаясгалангийн мэдэгдэл
Мөн өнгөрөгч амралтын өдөр “Босоо хөх монгол”-ын П.Шинжээравдан гэх этгээд олон нийтийн сүлжээнд, “Ноён уулыг ухуулахгүй. Ноён уулыг ухах юм бол ноёд, нохдуудын өрцийг ухна. Ард түмний тэвчээр барагдаж байгаа. Ард түмнийг битгий үймээн самуунд битгий турхираарай гэж Дамдинням гэж нөхөрт хэлье” гэж хээв нэг бусдыг заналхийлж, ард түмний нэрийг барьж нийгмийг бараг л үймээн самуунд уриалсан ноцтой үгсийг хэлсэн юм.
Гацууртын алтны ордыг ярихаар л “Ноён уул”-аар халхавчилсан “Ноён уулаа аваръя”, “Гал үндэстэн холбоо”, “Босоо хөх монгол” зэрэг хөдөлгөөний цөөн хэдэн этгээдүүд идэвхжиж, Х.Баттулга болон түүний хүрээллийнхэн “Ноён уулыг ухах нь” гэх өнцгөөр олон нийтийн сэтгэл зүй рүү чиглэсэн танил пиарын технологио ажиллуулж эхэлдэг нь бараг л дадал болчхож. Гэвч энэ бүхий цаана хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байгааг илрүүлж, шалгах нь хууль сахиулах байгууллагуудын нэн чухал үүрэг болоод байгаа юм.
ГАЦУУРТЫН АЛТНЫ ОРДЫГ ХУДАЛДАЖ АВСАН СИНГАПУРТ БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИ Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙНХ БАЙЖ МАГАДГҮЙ-
Тодруулбал, Х.Баттулга 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа, “алтны салбарт төрийн эрх мэдлийг тогтоохоо мэдэгдэж, алтны лицензийг хориглох, гаднынхнаар биш зөвхөн монголчууд өөрсдөө олборлох асуудлыг хөндөж, “Гацууртын алтны орд”-д хөрөнгө оруулсан “Сентерра голд” компанийг нэр заан шүүмжилж эхэлсэн" байдаг. Улмаар “Гацуурт алтны орд”-ын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар шүүхдэж байсан “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний үйл ажиллагаанд Х.Баттулгын зөвлөх Г.Уянга идэвхийлэн оролцож эхэлсэн юм.
Иймд манай улсад хөрөнгө оруулаад байсан Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Сентерра голд” компани эцэстээ Ерөнхийлөгч Х.Баттулгын шүүмжлэл, шахалтад өртөж эхэлсэн тул Гацууртын алтны төслөө зараад манай улсаас 2018 онд гарч явсан.
“Сентерра голд” компани 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр Монгол дахь бизнесийн нэгжээ Сингапурт бүртгэлтэй “OZD ASIA PTE” компанид 35 сая ам.доллараар борлуулж буйгаа мэдэгдсэн. Энэ талаар “Сентерра голд” мэдэгдэлдээ, “Монгол дахь бизнесийн нэгжид нь Бороогийн алтны уурхай, боловсруулах үйлдвэр, мөн Гацууртын алтны төсөл багтсаныг дурдаад, OZD ASIA PTE нь “Сентерра голд”-ын Монгол дахь охин компаниуд болох “Бороо гоулд” ХХК болон “Сентерра гоулд Монголия” ХХК-ийг эзэмшдэг Centerra Netherlands (BVBA) компанийн бүх хувьцаа, өр төлбөрийг худалдан авч байгаа” гэсэн юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Харин дээрх үйл явдлын дараа Бороогийн алтны уурхай, Гацууртын алтны ордын төслийг 35 сая ам.доллараар худалдаж авсан Сингапурт бүртгэлтэй “OZD ASIA PTE” компанийг Монгол улсын иргэн Э.Дөлгөөн болон Малайз улсын хоёр иргэн хувь эзэмшдэг талаар эх сурвалжууд мэдээлж эхэлсэн. Улмаар Э.Дөлгөөний ард Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг байж магадгүй гэж байдаг. Учир нь Э.Дөлгөөн нь UB post сонинд сэтгүүлч, Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн Улаанбаатар хотын банкинд ажиллаж байсан нэгэн. Мөн Э.Дөлгөөний төрсөн ах Э.Долгион нь Bloomberg TV mongolia телевизийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус телевизийг Худалдаа хөгжлийн банк нээсэн гэдэг. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Энэ бүх үйл явдлаас харахад, “Гацууртын алтны орд”-ын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан “Сентерра гоулд” компанийг иргэний хөдөлгөөний нэр барьсан бүлэг этгээдүүдээр шахалт үзүүлэн, “Ноён уулаа аваръя” гэх нэрийн дор буланд шахаж байгаад эцэст нь манай зарим этгээдүүд уг ордыг өөрийн болгосон байх магадлал өндөр байгаа юм. Энэ бүхний цаана Х.Баттулгын ашиг сонирхол ч нуугдаж байж болзошгүй.
Яагаад гэвэл, Бороогийн алтны уурхай болон Гацууртын ордын төслийг худалдаж авсан OZD ASIA PTE компани нь Boroo Pte-ээр дамжуулан 2021 онд Перу улсад 226 сая ам.долларын өртөг бүхий алтны уурхайг худалдан авсан тухай barrick.com сайт мэдээлж байв. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Түүнчлэн яг тэр үед буюу 2021 онд Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуул нь Перу улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулын албан тушаалыг хашиж байсан. Үүн дээр нэмээд, мөн оны сүүлчээр Монгол Улсын иргэд Перу улс руу визгүй зорчих шийдвэр ч гарсан нь тохиолдлын давхцал гэхэд дэндүү эргэлзээтэй харагддаг.
-ГАЦУУРТЫН ОРДЫН 34-50 ХУВИЙГ ТӨРД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГӨХ ХУУЛЬТАЙ ТУЛ ОДОО АШИГЛАХАД “АШИГГҮЙ” БАЙХ МАГАДЛАЛТАЙ-
Гацууртын алтны ордын бодитой болон боломжтой нөөцийг 50 тонн гэж улсын нэгдсэн бүртгэлд Сентерра гоулд компани бүртгүүлсэн байдаг. Гацууртын алтны ордыг ашиглахад Ноён уулын булш хөндөгдөхгүй бөгөөд уг ордын газрын гүн дэх геологийн тогтоц нь газрын гүнд олборлоход хүндрэлтэй байрлалд байдаг тул орчин үеийн өндөр технологи шаардагдана гэдэг. Мөн тус ордоос олборлосон алт нь гадагш гарч, хяналтаас гарах боломжгүй зөвхөн Монголбанкинд тушаагдана. Энэ утгаараа уг төсөл нь аль ч талаас авч үзсэн Монгол Улсад ашигтай, стратегийн ач холбогдолтой гэж тооцогддог.
Гэвч уг орд газар нь Ноён уулын түүхэн дурсгалт бүсийн ойролцоо байрладаг нь улс төрийн зорилготой, тодорхой бүлэглэлийн хувьд “өгөөш” болж хувирдаг гэхэд болно. Х.Баттулга болон түүний хүрээллийн эсэргүүцэл ч үүнтэй холбоотой байж магадгүй.
Энэхүү эсэргүүцэл нь өдгөө дараах шалтгаантай байж болзошгүй. Тодруулбал, Бороогийн болон Гацууртын алтны ордыг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын жагсаалтад оруулсан. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 болон 5.5-д “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын 34-50 хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмшинэ” гэж 2024 онд нэмэлт, өөрчлөлт орсон. Иймд “Ноён уул”-аа хамгаалах нэрээр улстөржүүлж, стратегийн ордын хувь заяаг гацаах гол зорилго нь төрийн эзэмшлийг саармагжуулах, хуульд өөрчлөлт оруулах боломжийг хүлээж, хугацаа хожиж байж ч магадгүй юм.