Бусдын биед гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаа Г.Чинзоригийн нэг сар цагдан хорихоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс уг шийдвэртэй холбоотойгоор тойм мэдээлэл гаргажээ.
Тус мэдээлэлд "Яллагдагч Г.Чинзоригийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдэхийг завдсан” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.
Прокуророос яллагдагч Г.Чинзоригд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал ирүүлснийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал, яллагдагчийн тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч Г.Чинзоригийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж санаатай алахыг завдсан гэмт хэрэгт холбогдсон яллагдагчаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэх нь тогтоогдсон гэж үзэж прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Г.Чинзоригд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв" гэжээ.