Isee.mn мэдээллийн сайт нь Монгол Улсад суугаа Элчин сайд нартай цувралаар ярилцаж байгаа билээ. Наадмын энэ дугаарт АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буангантай ярилцлаа. Түүний хувьд Монголын ёс заншил, өв уламжлал, соёлд хүндэтгэлтэй ханддаг нэгэн. Тиймээс монголчуудын эв нэгдлийн бэлэг тэмдэг, үндэсний их баяр наадмаар түүнийг урьж, баяр наадмын сэтгэгдлийг нь сонсохын зэрэгцээ Монголын ёс уламжлалын талаар ярилцав.
ВИДЕО:
Элчин сайд Ричард Буанган: Наадам үзэхийн тулд ирснээсээ хойш байнга Монголд зусаж байна /ВИДЕО/ https://t.co/NDkXsPgSKc pic.twitter.com/Rj5aHhVVUM
— iSee.mn (@iSee_MN) July 11, 2025
-Нарлаг сайхан өдөр тантай ярилцах гэж байгаадаа маш их баяртай байна. Урилга хүлээн авсанд баярлалаа.
-Намайг урьсанд маш их баярлалаа.
-Та гурван жилийн өмнө Монголд ирж байлаа. Наадам үзсэн анхны мэдрэмж ямар байсан талаар манай үзэгчидтэй хуваалцаач. Ер нь та энэ баярын агуулгыг юу гэж ойлгосон бэ?
-Би наадмын талаар Монголд ирэхээсээ өмнө сонсож байсан. Наадам бол монголчуудын хуанли дээрх хамгийн чухал баяруудын нэг, Монголын ард түмнийг, тэдний түүх, соёлын онцлогийг илэрхийлдэг тул би монголчуудтай хамт баяр наадам тэмдэглэхийг маш их хүсэж байсан. Наадмаар энд байхын тулд би ирснээсээ хойш байнга Монголд зусаж байна. Энэ бол бидний тэмдэглэх дуртай, хамгийн чухал баяруудын нэг юм.
-Монголчууд наадмаараа морь уралдуулж, бөх барилдуулж, сур харвадаг. Эдгээрээс таны гайхшралыг хамгийн ихээр төрүүлсэн нь юу вэ. Жижиг хүүхэд хол зайнд морь унаж уралдуулдаг, хол зайнд харвадаг, хүч бяраа үзээд бөхчүүд барилдаж байна. Бөхчүүд дэвээд гарч байна. Энэ соёлыг хараад танд ямар мэдрэмж төрж, тухайн үед юу бодогдож байв.
-Наадмын эргэн тойрон дахь үйл явдлууд, эрчим, уур амьсгал нь надад хамгийн сонирхолтой санагддаг. Би хэдэн жил дараалан бөх, сур үзэж байна. Монгол бөх бол дэлхий дээрх бусад бөхийн барилдаанаас их өвөрмөц онцлогтой, өөрийн гэсэн уламжлал, ёс заншил, соёлтой нь гадаад хүний хувьд хамгийн сонирхолтой санагддаг.
-Манай наадмаас салгаж болохгүй нэг ойлголт нь хоол хүнс байдаг. Энэ баярын өдрүүдэд хуушуур, хорхог идэж, айраг уудаг. Танд наадмын хуушуур, хоол хүнс ямар санагдсан бэ. Ер нь та наадмын гурван өдөрт юу хийж өнгөрүүлдэг вэ.
-Би бүгдийг нь дуртайяа иддэг. Наадмын хоол зоог болон соёлын бусад уламжлал, ёс заншил надад маш их таалагддаг. Найз нөхөд, гэр бүлээрээ цугларч, амттай хоол идэнгээ бөх, морь, сур хамтдаа үзэх боломжийг наадам олгодог. Надад ч бас наадмын үеэр найз нөхөдтэйгээ уулзаж, үндэсний хоол идэх нь хамгийн сонирхолтой зүйлсийн нэг байдаг. Дуртай монгол хоолоо амтлангаа шинэ сониноо хуваалцах үнэхээр сайхан.
-Би таныг олон жил ажигласан. Монголын үндэсний их баяр наадмуудад та дандаа үндэсний дээл хувцастай бидэнд мэндчилгээ дэвшүүлдэг. Энэ тань бидэнд үнэхээр талархалтай санагддаг. Таныг олон дээлтэй юм уу гэж би харсан. Танд хэдэн дээл байдаг вэ. Дээлээ өөртөө зориулж урлаж хийлгэдэг үү эсвэл худалдаж авдаг уу. Таныг энд тэнд явж байхад дээл, морь зэрэг Монголын ёс уламжлалтай холбоотой эд зүйл бэлэглэдэг үү. Тийм дурсамж байдаг бол хуваалцаач.
-Зарим дээлээ захиалгаар оёулсан, зарим нэгийг нь худалдаж авсан. Надад дээл, цамц нийлээд 10 гаруй бий. Өнөөдөр миний өмссөн монгол цамцыг ажил дээр өмсөхөд эвтэйхэн, хөнгөн, өнөөдөр шиг халуун өдөр тохиромжтой загвар. Манай Элчин сайдын яамны олон ажилтан монгол цамц өмсөх дуртай.
-Та Ховдод оччихсон олон ястаны төвөөр орж бий биелгээ биелж, дээл хувцсыг нь өмсөөд эсвэл “Тэмээний баяр”-т очиж байр сууриа илэрхийлж харагддаг. Монголын өв уламжлалд хүндэтгэлтэй ханддаг. Гурван жилийн өмнө ирэхдээ “Монголын өргөн уудам их соёлоос суралцмаар байна” гэж хэлж байсан. Одоо энэ аялал аль шатандаа явж байна. Энэ соёлуудаас таниж мэдээд өөртөө шингээж байгаа зүйлс байна уу. Эсвэл бүр дадал болгоод явж байгаа зүйл байна уу. Сур харвах, морь унаж сурсан ч гэх юм уу, тийм зүйл байна уу.
-Тийм ээ, би олон зүйл хийж, туршиж үзэж байсан бөгөөд үүндээ маш их талархалтай байдаг. Монгол найз нөхөд маань, бидний зочилсон зарим айл сур харвах, морь унах зэргийг өөрийн биеэр үзэж, турших боломжийг надад олгодог нь сэтгэлд хоногшин үлджээ. Саяхнаас миний шимтэн сонирхож, хийж үзсэн нэг зүйл бол уран бичлэг. "Сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэж монгол бичгээр бичсэн маань монгол уран бичлэгийн гоо сайхныг ойлгож, хүндэтгэл үзүүлэхээс гадна монголчууд, монгол найз нөхөддөө Цагаан сараар утга төгөлдөр мэндчилгээ дэвшүүлэх боломж олголоо. Монголын соёлтой танилцаж мэдрэх тусам илүү утга учиртай, сонирхолтой байдаг тул Монголд анх удаа ирж буй найз нөхөд, хамтран ажиллагсдадаа "Зүгээр хараад өнгөрөх биш, үйл явдалд дунд нь оролцож мэдрэхийг хичээгээрэй" гэж үргэлж зөвлөдөг.
-Та дээл өмсөхөөрөө Монгол хүнтэй их адилхан харагддаг. Ер нь таныг дээл өмсөөд явж байхад Монгол хүнтэй адилхан харагдаж байна гэх сэтгэгдлийг хүмүүс хэлж байсан уу?
-Тийм ээ, байнга. Монголчууд надтай монголоор ярьдаг, намайг монгол хүн гэж боддог. Энэ жил би Ховд, Баян-Өлгий, Увс, мөн өмнө зүгийн нутгаар аялахдаа Монголын олон үндэстэн ястнуудын талаар илүү их мэдэж авсан. Энэ жилийн наадмаар би нэг ястны дээл өмсөх гэж байгаа.
-Энэ гурван жилийн хугацаанд монголчууд танд хэр дотно болж чадсан байна. Магадгүй зарим зүйлээр та бидэнд уусч байж магадгүй юм. Хоол хүнс, цаг уур гэх мэт.
-Тийм ээ, Монголд амьдрахын хамгийн сайхан тал бол энэ соёлд уусахад маш хялбар байдаг. Монголчууд гадаадын найз нөхөддөө нээлттэй, түүх, соёл нь монгол ондоошлыг хэрхэн бүтээснийг харуулахыг хүсдэг, уламжлалаараа, үндэсний баяр наадам, цагаан сараараа бахархдаг нь хүндлэл, талархлыг төрүүлдэг. Тиймээс би Монголд ирж буй хамтран ажиллагсад, зочид болон гэр бүлийнхэндээ үргэлж "Санаа битгий зовоорой, монголчууд бол хэзээ нэгэн цагт таны уулзах хамгийн найрсаг зоны нэг бөгөөд үүнийг мэдрэх хамгийн сайхан үе бол баяр ёслол хамт тэмдэглэх үе" гэж зөвлөдөг. Ийм ч учраас наадам бол Монголд анх удаа ирж буй гадаад хүмүүсийн хувьд онцгой мөч байх болно.
-Энэ жилийн наадмаар юу хийх төлөвлөгөөтэй байна та
-Би энэ удаагийн наадмыг өнгөрсөн жилүүдийнх шигээ өргөн тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Надад гайхалтай сэтгэгдэл төрүүлдэг наадмын нээлтийг үзээд, бөхийн барилдаан, сур харваа сонирхоно. Бас хурдан морины барианы талбайд нилээд цаг өнгөрүүлэх бодолтой байна. Уяачдын галаар тойрч, найз нөхөд, хувийн хэвшил болон төр засгийн албаны танилуудтайгаа уулзаж, бүгдэд нь баяр наадмын мэнд дэвшүүлэх боломж олдох байх аа. Найз нөхөдтэйгээ уулзаж, шинэ сониныг нь сонсох тэр гурав, дөрвөн өдрийг тэсэн ядан хүлээж байна.
-Та монголчуудад баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү
-Тэгэлгүй яахав. Сайхан наадаарай.