Х.Нямбаатар: Нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хурлыг зохион байгуулж байна

Х.Нямбаатар: Нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хурлыг зохион байгуулж байна

Монголын эдийн засгийн форум-2025 энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Төрийн ордонд болж, эхний өдрийн хуралдаанаар “Хот төлөвлөлт, хотын эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэгвэл өнөөдөр Монголын эдийн засгийн форумын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор байранд “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг үргэлжлүүлэн зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар“Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Томоохон төслүүд хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах үүднээс өнгөрсөн нэг жилд Улаанбаатар хоттой холбоотой 90 орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулалтын орчныг дэвшилтэт түвшинд хүргэлээ. Энэ удаад нийслэлийн эдийн засгийн шинэ бүтэц бий болгох, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг санаачлан зохион байгуулж байна. Бидний дунд хугацаанд төлөвлөн хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээг цаг алдалгүй шийдвэрлэх, хөгжлийн мега төслүүдийг зөвхөн төсвийн хүрээнд бус төр, хувийн хэвшлийн түншлэл, олон талт хамтын ажиллагаан дор хэрэгжүүлэх нь ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот дотоод, гадаадын бонд гаргаж, эрчим хүч, орон сууцны төслүүдээ амжилттай хэрэгжүүлж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, дэд бүтцийн төслүүдээ хөдөлгөлөө. Энэхүү хуралдаанаар бидний хамтын ажиллагаа, уялдаа холбоо зөвхөн нийслэлийн төдийгүй Монгол Улсын хөгжил болоод төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд хүргэхэд чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.