ШҮҮМЖ: Х.Нямбаатар аа!  Та МАН-даа захирагддаг шиг Үндсэн хуульд бүгд захирагдана

ШҮҮМЖ: Х.Нямбаатар аа! Та МАН-даа захирагддаг шиг Үндсэн хуульд бүгд захирагдана

Өөрсдөдөө “Шударга таван гишүүн” гэх нэр өгөөд, үүнийгээ ард түмэн өгсөн гэж популизм хийдэг Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын гишүүдтэй болоод даруй хоёр жилийг ардаа үджээ. Эдгээр таван гишүүдийн “зэс” эхнээсээ цухуйгаад эхэлсэн гэхэд болно. 

Тэдний нэг болох УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өчигдөр санамсаргүй үг, утгын алдаа гаргасан сэтгүүлчийн үгэнд дөрөөлж, “Нэр бүхий сэтгүүлчийг Сонгино хайрхан дүүргийн гэр хорооллын иргэдээс уучлал гуйхыг шаардаж байна” гэж мэдэгдэл хийв. Удахгүй УИХ-ын сонгууль болж, иргэдэд дүнгээ тавиулах цаг нь ирсэн энэ үед “ганц үгийн алдаа”-г зүгээр өнгөрөөхгүй “зөөлөн популизм” хийж байгаа Х.Нямбаатар гишүүнийг бүгд ойлгоно.

-ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ 5 ДУГААР САРЫН 25-НЫ 12 ЦАГТ УЛС ОРОН ДАЯАР ДАГАЖ МӨРДӨНӨ-

Харин Х.Нямбаатар гишүүн “зөөлөн популизм” хийх үеэрээ ирэх тавдугаар сарын 25-нд мөрдөгдөх “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Засгийн газар захирагдахгүй” гэх утгатай тайлбарыг хийх шиг боллоо.  Тэрээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулсан журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Уг харилцааг зохицуулсан хууль хүчин төгөлдөр үйлчлэх хүртэл өмнөх хуулиар уг харилцааг зохицуулна гэсэн хуультай” гэж тайлбарласан юм. 

Гэтэл 2019 оны арван нэгдүгээр сарын 26-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг нотлон баталгаажуулсан. Ингэснээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсан бөгөөд дагаж мөрдөх хугацаа нь энэ оны тавдугаар сарын 25-ны өдөр юм. 

Тодруулбал “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн дугаар 45/1098/-ын Зургадугаар зүйл “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө” гэжээ. 

-ҮНДСЭН ХУУЛИЙН ЧАДАМЖГҮЙ ЗАСГИЙН ГАЗАРТАЙ БОЛОХ УУ-

Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн, ирэх сарын 25 ны өдрөөс өмнө “Дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийг өөрчлөн батлах ёстой байтал өнөөг хүртэл УИХ энэ ажлаа хийгээгүй байна. Ингэснээр У.Хүрэлсүхийн толгойлж байгаа Засгийн газар Үндсэн хуулийн чадамжгүй болно гэдгийг судлаачид сануулж байна. 

Учир нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар зэрэг улс төрчид улс төрийн нам, намын даргадаа захирагддаг бол, Үндсэн хуульд бүгд захирагддаг.  

Мөн тэрээр хэвлэлийн хурлынхаа үеэр “Улс төрч хуульчид гэж байх ёсгүй” гэж тодотгосон юм. Гэтэл тэрээр эрх зүйч, хуульч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй нэгэн юм. Ингэснээр тэрээр энэхүү мэдэгдлээрээ “өөрийгөө үгүйсгээд” авсан юм.