Гутайн давааг тусгай хамгаалалтад авахаар болов

Гутайн давааг тусгай хамгаалалтад авахаар болов

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий шинээр 5, өргөтгөлөөр 4, нийт 9 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасажээ.

Тодруулбал, Онон балжирын цогцолбор газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын зарим хэсгийг, Давэлийн аралын байгалийн нөөц газарт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалын цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар заажээ. Мөн байгалийн цогцолборт газрын ангиллаар, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын тал, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг тусгай хамгаалалтад авахаар тусгасан байна. Түүнчлэн, Баянхонгор аймгийн Галуут сумын Хан уулыг Хангайн нурууны байгалийн цогцолбор газарт, тус сумын Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авах юм байна. Үүнээс гадна Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын Хөх нуур-Бумбат орчмын газрыг, Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг өргөтгөлөөр хамруулан байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар тусгажээ. 

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнгөрсөн сарын 21-ний хуралдаанаар, эл тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төслийн ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Л.Элдэв-Очир, М.Билэгт, А.Сүхбат, О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын гишүүд төслийн ажлын багаас асуулт асууж тодруулсан. Гишүүд замбараагүй олгосон ашигт малтмалын хайгуулын лиценз, зөвшөөрөлд даруй арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг тэмдэглэж, Гутайн даваа орчмын газрын ашигт малтмалын хайгуулын лицензтэй холбоотой асуудлыг тодруулж байлаа. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, "Тогтоолын төслөөр байгалийн усны сав бүхий экологийн онцгой ач холбогдол бүхий 9 газрыг тусгай хамгаалалтад авна. Үүний дотор хамгийн маргаантай нь Хэнтий аймгийн Гутайн даваа орчмын газарт лиценз олгосон асуудал. Тэнд байгаа голыг газрын зурагт байхгүй мэтээр лиценз олгосон асуудал байна" хэмээгээд, үүнд лиценз олгосон албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой гэдгийг тодотгож байв. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очироор ахлуулсан ажлын баг болон БОАЖЯ-наас дээрх газарт хууль бус лиценз олгосон гэдгийг тогтоосон хэмээгээд, усны эх газраар лиценз олгосон нь туйлын зохисгүй явдал болсон, тиймээс энэ газрыг тусгай хамгаалалтад авахаар төсөлд тусгасан гэлээ. 

Гишүүд, Гутайн даваа орчмын газрыг тусгай хамгаалалтад авснаар, ашигт малтмалын зөвшөөрлөө цуцлуулсан, цуцалсан талд маргаан гарах нь гарцаагүй ч хууль бус лицензийг цуцалж, даруй арга хэмжээ авах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж байв. Хэдийгээр, Арбитрын шүүхэд эл асуудал маргаан дагуулж манай тал ялагдсан ч байгальд учрах хохирол нь их тул, тухайн компанийн хохирлыг төлж, лицензийг цуцлахаас аргагүй гэдгийг хэлж байв.

Ингээд тогтоолын төслийн талаарх зармын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэлээ. Ингээд тогтоолыг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.