Эдийн засагч Р.Даваадорж Монгол Улсын Засгийн газар, Хууль зүйн дэд сайд асан Б.Солонгоотой холбоотой баримтуудыг үндэслэн Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газарт хандсанаа мэдэгдсэн билээ. Тэрбээр энэ асуудал нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдалд халдсан хэмээн үзэж байгаа юм. Иймд уг асуудлын талаар эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.
ВИДЕО:
– Та хэдхэн хоногийн өмнө АТГ-ын гадаа мэдээлэл хийхдээ Хууль зүйн дэд сайд асан Б.Солонгоотой холбоотой асуудлыг ерөнхийд нь дурдсан. Энэ талаар дэлгэрүүлж ярилцахыг хүсэж байна. Та АТГ, ЦЕГ зэрэг байгууллагад хандсан гэсэн. Ямар асуудлаар, хэзээ хандсан бэ?
– Энэ долоо хоногт Монгол Улсын хууль хяналтын байгууллагуудад нэг асуудлаар хандсан. Английн хоёр иргэнтэй Монголын төр, Засгийн газар гэрээ байгуулсан байдаг. Энэ нь Оюу толгойн төсөл, Рио Тинто, улс төртэй холбоогүй. Монгол Улсын эрх ашгийг хамгаалах зорилготой байгуулсан гэрээтэй холбоотой асуудал юм. Монголын төр болон тухайн компанийн хоорондын нууцад хамаарч байсан баримт бичгүүд олон нийтэд ил болж, цахим орчинд нээлттэй тархсан байна. Эдгээр материалыг судлахад “Монголын эрх ашгийн төлөө, Оюу толгойн гэрээг шүүмжилж, ард түмэнд ноогдол ашиг хүртээх” тухай ярьдаг хүмүүсийн үйл ажиллагаа бодит байдал дээр өөр дүр зурагтай харагдсан. Би Б.Солонгоо гэдэг хүнийг онилж гаргаж ирээгүй. Харин төрийн үйл ажиллагаанд үүссэн асуудлуудыг өмнө нь ч олон нийтэд баримтаар дэлгэж байсан. Нууц гэрээ ямар эрсдэлтэй, улсын эдийн засагт ямар хохирол учруулж болдгийг ярьж ирсэн. Анх харахад Б.Солонгоо бид хоёрын байр суурь ижил. Улсын эрх ашгийг хамгаалах ёстой, бизнесийн асуудлыг нууцлах ёсгүй гэж үздэг. Гэвч ил болсон баримтуудыг харахад энэ хүн үнэхээр зөв зүйл хийсэн үү гэсэн эргэлзээ төрсөн. Тиймээс бодит байдлыг тогтоож, олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэхийн тулд хууль хяналтын байгууллагад хандсан.

– Хандсан үндэслэл нь эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх мэт тодорхой асуудлууд байсан уу?
– Тийм. Эхлээд тайлбарлая. Засгийн газрын хуралдаанаар Оюу толгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай 103 дугаар тогтоолын хэрэгжилт, мөн гүний уурхайн зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудлыг хэлэлцсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Английн хоёр иргэнтэй гэрээ байгуулах шийдвэр гарчээ. Тухайн үед ажлын хэсэг байгуулж, Хууль зүйн дэд сайд байсан Б.Солонгоод тодорхой үүрэг өгсөн байна. Миний олж үзсэн баримтаас харахад “Эрдэнэс Оюу Толгой” компаниас ирүүлсэн зарим албан бичигт анхаарал татах асуудлууд байсан. Тухайлбал, Засгийн газраас зөвшөөрсөн 1.3 сая фунт стерлингийн дүн 1.6 сая фунт стерлинг болгон нэмж нэхсэн талаар тайлбар хүссэн бичиг байна. Яагаад нэмэгдсэн бэ гэдэг нь тодорхойгүй. Энэ нь эрх мэдэл ашигласан үйлдэл байсан уу, эсвэл өөр шалтгаантай юу гэдгийг АТГ шалгах ёстой гэж үзсэн. Б.Солонгоо нь ард түмний төлөө үнэхээр явсан эсэх асуудал тодорхой болно. Хоёрдугаарт, Засгийн газрын тогтоолоос 374 фунт стерлинг хаанаас нэмэгдсэн бэ, өөр хүн хуурамч гарын үсэг зурсан уу зэргийг ЦЕГ шалгах ёстой. Энд 1.8 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Цаашилбал энэ асуудал бол Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудал учир ТЕГ-т хандсан. Улсын эдийн засгийн аюулгүй байдал бол маш чухал асуудал. Удахгүй холбогдох байгууллагуудад надад мэдээлэл өгөх байх.
– Та энэ гэрээтэй холбоотой ямар асуудлуудыг хамгийн ноцтой гэж үзэж байна вэ?
– Энэ гэрээтэй холбоотой баримтуудыг хараад хамгийн их гайхсан зүйл нь өөрийгөө эх орныхоо эрх ашгийн төлөө ажиллаж байна гэж ярьдаг хүмүүсийн бодит үйл ажиллагаа байлаа. Миний үзсэн баримтаар анх 1.3 сая фунт стерлингийн дүнтэй байсан төлбөрийн хэмжээ 1.6 сая фунт стерлинг болж нэмэгдсэн байна. Харин Эрдэнэс Оюу Толгой компанийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүгийн гарын үсэгтэй албан бичигт компанийн зүгээс гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх 33 санал хүргүүлсэн талаар дурдсан байсан. Гэтэл эдгээр саналын нэг нь ч тусгагдаагүй гэж бичсэн байна. Эндээс хамгийн түрүүнд анхаарал татаж байгаа асуудал нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх тухай саналууд хүлээн авагдаагүй явдал юм. Эрдэнэс Оюу Толгой бол мэргэжлийн хуульчидтай, томоохон компани. Тийм байгууллага албан ёсоор хууль зөрчсөн байж болзошгүй асуудлууд орсон талаар сануулж байхад түүнийг үл тоомсорлосон нь ноцтой гэж үзэж байна. Хоёр дахь асуудал нь маргаан үүссэн тохиолдолд ямар хууль, ямар шүүхээр шийдвэрлэх талаар юм. Миний харсан баримтаас үзэхэд Монголын шүүх, хууль хяналтын байгууллагын харьяалал бус Лондонгийн арбитр буюу Оюутолгойн 66 хувийг эзэмшигч Риотинто компанийн улсын шүүхээр шийдвэрлэх нөхцөл тусгах санал орсон байсан. Энэ нь олон нийтийн өмнө ярьдаг байр суурьтай нь нийцэж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай гэж бодож байна. Гурав дахь асуудал нь Эрдэнэс Оюу Толгой компанийн гаргасан 33 санал огт тусгагдаагүй явдал юм. Тэгвэл тэдгээрийн оронд ямар санал туссан, хэний эрх ашиг давамгайлсан бэ гэдгийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Миний харж байгаагаар энд гурван үндсэн эргэлзээ бий. Нэгдүгээрт, Монгол Улсын хууль тогтоомжийг үл харгалзсан байж болзошгүй нөхцөл үүссэн байна. Хоёрдугаарт, төлбөрийн хэмжээ нэмэгдсэн шалтгаан тодорхойгүй байна. Гуравдугаарт, төрийн өмчит компанийн гаргасан саналууд яагаад тусгагдаагүй вэ гэсэн асуулт хариултгүй үлдэж байна. Тиймээс эдгээр асуудлыг шалгуулж, бодит үнэнийг тогтоолгохын тулд би хууль хяналтын байгууллагад хандсан. Миний зорилго хэн нэгнийг буруутгах биш, харин олон нийтийн өмнө улс орны эрх ашгийн төлөө ажиллаж байна гэж ярьдаг хүмүүсийн үйл ажиллагаа үгтэйгээ нийцэж байсан эсэхийг хууль ёсны хүрээнд тодруулах явдал юм.

– Холбогдох байгууллагууд материалыг шалгаад хэрэг бүртгэл нээх эсэхээ шийднэ. Хэрэв хэрэг бүртгэл нээхгүй, шалгах шаардлагагүй гэж үзвэл та цаашид ямар арга хэмжээ авах вэ?
– Энэ асуудал олон нийтийн сүлжээнд маргаан дагуулж, нийгмийг хоёр талцуулж байна. Миний зорилго бол асуудлыг нэг талд нь гаргаж, бодит үнэнийг тогтоолгох. Би хэн нэгнийг муулах, эсвэл хэн нэгний талд орох гэсэнгүй. Харин төрийн үйл ажиллагаанд үүссэн асуудлыг олон нийтэд ил тод болгохыг хүссэн. Хэрэв тухайн үеийн дэд сайд үнэхээр зөв ажилласан бол “Эрдэнэс Оюу Толгой” компанийн гаргасан мэдээлэл худал болох нь тогтоогдоно. Тэр тохиолдолд олон нийт үнэнийг мэдэж, тухайн хүний нэр хүндэд ч эерэгээр нөлөөлнө. Гэтэл эсрэгээрээ над руу болон ярилцлага авсан сэтгүүлч рүү хүртэл дайрч эхэлсэн. Зарим сэтгүүлч ч энэ талаар надад хандсан. Баримтууд нээлттэй болсон учраас хүмүүс өөрсдөө уншаад дүгнэлт хийх боломжтой болсон. Миний харж байгаагаар ил болсон баримтуудаас гурван асуудал тодорхой харагдаж байна. Нэгдүгээрт, хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал байна. Хоёрдугаарт, нэмэлт мөнгө нэхэмжилсэн асуудал бий. Гуравдугаарт, Монголын эрх ашгаас илүү нөгөө талын ашиг сонирхлыг хамгаалсан байж болзошгүй шинж ажиглагдаж байна. Хэрэв хууль хяналтын байгууллагууд энэ асуудлыг шалгахгүй, хааж өнгөрөөх юм бол би дараагийн алхмуудаа хийнэ. Шаардлагатай бол олон нийттэй хамт байр сууриа илэрхийлнэ. Миний зорилго бол үнэн зөв мэдээллийг ил болгож, асуудлыг хууль ёсны хүрээнд шийдвэрлүүлэх юм.

– Хууль зүйн дэд сайд асан Б.Солонгоо, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нар Оюу толгой төслөөс Монгол Улс хангалттай ашиг хүртээгүй гэж мэдэгдсэн. Эдийн засагч хүний хувьд та энэ байр суурийг хэрхэн харж байна вэ?
- Миний бодлоор Оюу толгой бол Монгол Улсын хөгжилд Эрдэнэтийн дараа орох хэмжээний том төсөл. Эрдэнэт үйлдвэр байгуулагдах үед Зөвлөлт Холбоот Улсаас асар их хөрөнгө оруулалт, техник технологи, мэргэжилтнүүд орж ирсэн. Энэ нь Монголын эдийн засагт томоохон эргэлт болсон. Оюу толгойг ч мөн ийм өнцгөөс харах хэрэгтэй. Томоохон төслүүдийн үр өгөөж шууд бий болдоггүй. Тодорхой хугацааны дараа эдийн засгийн үр ашиг нь илүү тод харагддаг. Өнөөдрийн байдлаар энэ төсөл олон ажлын байр бий болгож, олон компанийн үйл ажиллагааг дэмжиж байна. Мэдээж гэрээтэй холбоотой засах шаардлагатай зүйл байж болно. Түүнийг хэлэлцэж, сайжруулах ёстой. Гэхдээ төслийг бүхэлд нь үгүйсгэж болохгүй. Оюу толгой бол Монгол Улсад гуравдагч орны хөрөнгө оруулалт амжилттай хэрэгжиж болохыг харуулсан том жишээ. Иймээс бид бодит алдааг нь засахын төлөө ажиллах ёстой болохоос биш төслийг бүхэлд нь эсэргүүцэх нь зөв биш гэж үздэг.
– Та сая хэллээ. Ийм том уурхайг зогсоовол Монгол Улсад ашиггүй гэж. Харин нөгөө талд хэнд ашигтай вэ?
– Монгол Улс хоёр том хөрштэй. Өнгөрсөн хугацаанд манайд орж ирсэн томоохон хөрөнгө оруулалтын ихэнх нь Орос, Хятадаас хамааралтай байсан. Харин Оюу толгой хэрэгжсэнээр Монгол Улс гуравдагч орны хөрөнгө оруулалтад нээлттэй гэдгээ дэлхийд харуулсан. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдын анхааралд орсон. Гэтэл төслийг тойрсон маргаан эхэлснээс хойш гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан. Учир нь хөрөнгө оруулалт гэдэг тогтворгүй орчинд удаан тогтдоггүй. Эрсдэл өндөр гэж үзвэл өөр улс руу шилждэг. Дэлхий дээр гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс бараг байхгүй. Бидний хөгжлийн жишээ болгон ярьдаг Хятад хүртэл гадаадын хөрөнгө оруулалтад онцгой ач холбогдол өгдөг. Томоохон хөрөнгө оруулагчдаа урьж, технологи, мэдлэг, ажлын байр авчрахыг дэмждэг. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг дайсан мэтээр харж, үргээж болохгүй. Харин улсын эрх ашгаа хамгаалсан байдлаар хамтран ажиллах ёстой гэж үздэг.

– Оюу толгой төслөөс орж ирж байгаа татвар, төлбөр, эдийн засгийн үр өгөөжийн талаар тусдаа өргөн хүрээнд ярилцах боломжтой байх. Харин ярилцлагын төгсгөлд үзэгчдэд хандаж юу хэлэх вэ?
– Би эдийн засагч хүний хувьд олон жил төрийн бодлого, төсөв санхүү, татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтыг анхаарч ирсэн. Засгийн газрын буруу шийдвэр, үр ашиггүй зарцуулалтын талаар байр сууриа илэрхийлж, олон нийтэд мэдээлэл хүргэхийг хичээдэг. Миний үйл ажиллагааны зорилго хэн нэгний талд орох, эсвэл хэн нэгнийг харлуулах биш. Харин Монгол Улсын эрх ашигт нийцсэн шийдвэр гарч байгаа эсэхэд анхаарал хандуулах юм. Сүүлийн үед улс төрд эх оронч дүр эсгэж, ард түмний нэр барин улс төр хийдэг хүмүүс олширч байна гэж хардаг. Үг яриа нь нэг, бодит үйлдэл нь өөр байх тохиолдол цөөнгүй байна. Энэ асуудлыг ч мөн ийм өнцгөөс харж байгаа. Монголын эрх ашгийн төлөө гэж чанга ярьдаг хүмүүсийн үйл ажиллагааг бодит баримтаар нь үнэлэх хэрэгтэй. Хэн нэгний хэлсэн үгээр бус, хийсэн ажил, гаргасан шийдвэрээр нь дүгнэх нь зөв гэж боддог. Миний хувьд энэ асуудлыг хувь хүний маргаан гэж харахгүй байна. Баримт мэдээллийг ил болгож, олон нийт үнэнийг мэдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс асуудлыг эцэслэн тодорхой болтол байр сууриа илэрхийлсээр байх болно.
-Ярилцсанд баярлалаа