Замын-Үүд- Чойрын хүнд даацын 435 км зам баригдаж эхэлсэн ч Налайхтай холбох 196 км зам төсөлд багтсангүй

Замын-Үүд- Чойрын хүнд даацын 435 км зам баригдаж эхэлсэн ч Налайхтай холбох 196 км зам төсөлд багтсангүй

Говьсүмбэр аймгийн Чойр хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд боомт хүртэлх 435.6 км урт хүнд даацын тусгай зориулалтын авто замын бүтээн байгуулалт өнгөрсөн сарын 17-нд албан ёсоор эхэлсэн.

-1.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛНЭ -

Монгол Улсын экспорт, импортын гол гарц болох Замын-Үүдийг дотоодын тээврийн сүлжээтэй холбох энэхүү төсөл нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй хамгийн том авто замын төслүүдийн нэгээр нэрлэгдэж байна. Төслийн эхлэлийн цэг нь тэртээ 2023 онд тавигдсан бөгөөд Засгийн газар Хөшигийн хөндий-Чойр-Замын-Үүд чиглэлийн хүнд даацын тусгай зориулалтын авто замын төслийг хэрэгжүүлэх чиглэлийг баталж, улмаар 2025 онд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ. Үүний дагуу Зам, тээврийн яамнаас хоёр үе шаттай сонгон шалгаруулалт зохион байгуулж, хөрөнгө оруулагчаар БНХАУ-ын “Жүнлүшүн Констракшн Инвестмент” ХХК шалгарсан байна. Харин барилгын ажлыг БНХАУ-ын төрийн өмчит “Барилгын инженерийн зургаадугаар товчоо” компани гүйцэтгэхээр болсон бөгөөд төслийн техник, технологийн хяналтыг “Монголын тусгай зориулалттай авто зам” ХХК хэрэгжүүлэх аж.

Төслийн нийт хөрөнгө оруулалтыг 500 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөг орчим гэж тооцсон бөгөөд хөрөнгө оруулагч тал бүтээн байгуулалтын санхүүжилтийг бүрэн хариуцаж, замыг 30-36 сарын хугацаанд барьж дуусгахаар төлөвлөжээ. Гэрээний нөхцлийн дагуу хөрөнгө оруулагч тал замыг ашиглан хөрөнгө оруулалтаа 20 жилийн хугацаанд нөхөж, улмаар 30 жилийн дараа Монгол Улсын Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх юм.

Шинэ зам ашиглалтад орсноор Замын-Үүд чиглэлийн хүнд даацын ачаа тээврийг тусгаарлаж, одоо ашиглаж буй улсын чанартай авто замыг зорчигч тээврийн зориулалтаар ашиглах нөхцөл бүрдэнэ гэж албаныхан үзэж байна. Мөн уг замыг Азийн авто замын AH-3 коридорын нэг хэсэг болж, Монгол Улсыг бүс нутгийн тээвэр, логистикийн сүлжээнд илүү нягт холбох ач холбогдолтой гэж тодорхойлж байгаа юм.

- ЗАМ ЧОЙРТ ХҮРЭЭД Л ДУУСЧ БАЙГАА НЬ ЗӨВХӨН НҮҮРС ТЭЭВРИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ ГЭЖ БАЙНА ГЭХ ХАРДЛАГА ТӨРҮҮЛЖ БАЙНА - 

Төсөл үнэхээр том. Тодруулбал, замын дагуу 16 гүүр, 470 орчим ус зайлуулах байгууламж, үйлчилгээний цогцолборууд баригдана. Хүнд даацын ачаа тээврийг одоогийн улсын чанартай замаас салгаж, транзит урсгалыг тусгай замаар явуулах зорилготой том төсөл. Гэхдээ үүнийг илүү томоор барих боломж ч байлаа.

Учир нь Чойрын замаар дан гагц нүүрсний машин явдаггүй бөгөөд харин ч Замын-Үүдээс нааш явах карго тээврийн машинууд дийлэнх хувийг эзэлж байгаа. Эдгээр машинуудын туулах зам зөвхөн  Чойрт биш нийслэлд хүрээд дуусдаг учиртай. 

Тэр ч байтугай замын хамгийн ачаалалтай хэсэг нь ч Улаанбаатар орчмын урсгал байдаг билээ. Үүнээс үүдэн Чойр-Замын-Үүдийн замын төсөлтэй холбоотойгоор нэг асуудал анхаарал татаж байгаа нь энэ зам Азийн автозамын коридорын нэг хэсэг болж, транзит тээврийг хөгжүүлэх зорилготой юм бол яагаад төслийг Чойрт төгсгөж байгаа вэ гэдэг асуудал яригдана. Яагаад наашаа 196 км газар сунгаад нийслэлийн зүүн хаалга болох Налайхад төгсгөж болсонгүй вэ гэж.  

Тэгвэл нөгөө талд Чойр бол Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замын гол коридорын чухал өртөө, уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний тээврийн томоохон урсгал дамжин өнгөрдөг логистикийн зангилаа бүс нутаг юм. Салбарын сайдын зүгээс шинээр баригдаж буй зам дээгүүр ачааны машинууд буюу нүүрс тээвэр, транзит тээврийн машинууд ч мөн явна гэж мэдэгдсэн.  Гэтэл тус зам зөвхөн Чойр хүрээд л дуусч байгаа нь энэ замыг Чойрт байх нүүрс тээврийн өртөөнөөс эхлүүлж, зөвхөн нүүрс тээврийн зориулалтаар л ашиглах гэж байна гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

- ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ЗАМ БАРЬЖ БАЙГАА ТУЛ ИРЭЭДҮЙД ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР НЭМЭГДЭНЭ ХЭМЭЭН САЙД ЯРЬЖ БАЙНА - 

Түүнчлэн энэ төслийн зэрэгцээ замын ашиглалтын төлбөрийн асуудал ч анхаарал татаж байна. Тодруулбал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан орон нутгийн авто замын эвдрэл ихтэй байгаа тухай сэтгүүлчдийн асуултанд зам ашигласны төлбөр хангалтгүй байгаатай холбоотой гэсэн тайлбарыг өгч, суудлын автомашинаас 20 мянга, ачааны автомашинаас 50 мянган төгрөгийн хураамж авч байж замын засвар арчлалтыг хэвийн хэмжээнд хийх боломжтой хэмээн хариулсан. 

Мөн сайд сүүлийн үед замын бүтээн байгуулалтын талаар ярихдаа цаашид томоохон төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого баримтална гэдгийг онцолж буй. Энэ нь цаагуураа  ирээдүйд зам ашигласны төлбөр нэмэгдэнэ шүү хэмээн сануулж байх ч магадлалтай.  

Хэрэв ачааны автомашины төлбөр 50 мянган төгрөг болж нэмэгдвэл Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд тээвэр эрхэлдэг компаниудын зардал өсөх нь тодорхой. Зардал өсөхөөр тээврийн үнэ нэмэгдэнэ. Тээврийн үнэ нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний өртөг өсөж, эцсийн хэрэглэгч дээр дарамт болж очдог эдийн засгийн энгийн зарчим бий. 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө