"Ашигт малтмалын тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн мягмар гарагт Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхийг дэмжсэн. Гэхдээ МАН-ын бүлэг зэсийн АМНАТ-ийн төлбөрийг стратегийн ач холбогдол бүхий зарим орд дээр гэрээ хийгдэж буйтай холбогдуулаад, Онтретэй хийх гэрээг дуустал нь хөндөхгүй байя гэдэг чиглэлээр ерөнхий байр суурь тогтсон.
Тэгвэл зарим гишүүд уг хуулийн төсөлд хүлээлттэй байсан ганц асуудал болох АМНАТ хөндөхгүй бол энэ хуулийн төсөлд өөр иргэн, ААН-д хэрэгтэй хуулийн заалт байхгүй гэх байр суурийг илэрхийлж эхэллээ. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Золжаргал юм. Тэр бол энэ парламентад буй цөөн уул уурхайн инженер юм.Иймд энэ хуулийн төсөлд тэрбээр ямар байр суурьтай байгааг ярилцлаа.
ВИДЕО:
"ХЭРЭВ КОМПАНИЙНХАА 34 ХУВИАС ИЛҮҮ ЭЗЭМШЬЕ ГЭВЭЛ УИХ, ЗГ-ТАЙ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙ БУЮУ МАНАЙ ДАРГАТАЙ ТОХИРОЛЦ ГЭДЭГ"
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ хуулийн төслөөс миний хүлээж байгаа хамгийн том хүлээлт бол Монгол улс гадаадын хөрөнгө оруулалт битгий орж ирээсэй гэж байгаа мэт хязгаарлалтыг засах. Мөн манай улсад нүүрсээс өөр уул уурхайн бүтээгдэхүүн болох зэсийн үйлдвэрлэл, олборлолт, эцсийн бүтээгдэхүүн болгоход АМНАТ олон улсаас өндөр байгаа нь саад болж байна. Үүний үр дүнд манай улсад ирж байгаа хөрөнгө оруулалт хаагдсан. Хамгийн гол асуудал бол 34 хувийн хязгаарлалт. Энэ тээг болсон хоёр зүйлийг өөрчлөхгүй бол бусад заалтууд тийм сайн өөрчлөлт байхгүй. Зарим нь бүр саад болсон заалт байна. Энэ хоёрыгоо засахгүй юм бол яаралтай гэж энэ хуулийг оруулж ирээд наадмын өмнө гэж яаруулах шаардлагагүй. 34 хувийн хязгаарлалтыг тайлбарлая. 2024 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулаад хөрөнгө оруулагч хайгуул хийж, нөөц тогтоогоод ашиглах компанийг байгууллаа. Тэр компанийнхаа 34 хувиас илүүг эзэмшиж болохгүй. Геологи, хайгуул зэрэгт маш их цаг хугацаа, хөрөнгө зарцуулж, нөөц тогтоолоо гэхэд нөөц ашигласны төлбөр төлдөг. Үндсэн хуулийн зарчим шүү дээ. Газрын хэвлийн баялаг бол ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гээд. Ард түмний юм ашиглаж байгаа учир тонн тутмаас төлбөр төлнө. Мөн үйл ажиллагаа явуулж байгаа компанийн 34 хувиас илүүг эзэмшиж болохгүй гээд хязгаарласан улс дэлхийд байхгүй. Энэ бол хөрөнгө оруулалт битгий орж ир гэсэн үг. Хэрэв 34 хувиа нэмүүлье гэвэл УИХ, ЗГ-тай хэлэлцээр хий гэж шаарддаг. УИХ гэдэг бол улс төрчид шүү дээ.
Өөрөөр хэлбэл, манай даргатай тохиролц гэсэн агуулга. Манай улсад мөнгө, гадаадын хөрөнгө оруулагчид хэрэгтэй. Тэр мөнгийг олох боломжтой нь нүүрс, зэс. Нүүрсээ хямд үнэтэй байхад нь хэрэггүй гээд хямд зарчихсан. Харин зэсээ хууль эрх зүйн орчинд 34 хувь гээд ингэж хязгаарласан. Энийг өөрчлөх байх гэж бодсон. Гэтэл хуулийн төсөлд үүнийг зассан зүйл алга.
.jpg)
-Зэсийн АМНАТ-ийг хөндөхгүй байхаар боллоо. Та ямар байр суурьтай байна вэ?
-МАН-ын бүлэг зэсийн АМНАТ-ийн төлбөрийг стратегийн ач холбогдол бүхий зарим орд дээр гэрээ хийгдэж буйтай холбогдуулаад, Онтретэй хийх гэрээг дуустал нь хөндөхгүй байя гэдэг чиглэлээр ерөнхий байр суурь тогтсон. Тэгвэл энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна.
"ОЛОН ШААРДЛАГА, СТАНДАРТЫГ НЬ ХАНГААД БАЙХАД ДАХИАД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШААРДАЖ БАЙГАА НЬ ХЯНАЛТАНДАА БАЙЛГАХ ГЭСЭН УЛС ТӨРИЙН БОДЛОГО"
-Та Байнгын хорооны хуралдаанд баяжуулах үйлдвэрийн асуудлыг хөндсөн. Хуулийн төсөлд баяжуулах үйлдвэртэй холбоотой ямар өөрчлөлт байна вэ?
-Хуулийн төсөлд үүсмэл ордыг ашиглахад тусгай зөвшөөрөл хэрэггүй. Харин үүсмэл ордын түүхий эдийг аваад боловсруулах, ангилах, баяжуулах үйлдвэрт тусгай зөвшөөрөл шаардана гэсэн сонин заалт байна. Өөрөөр хэлбэл, баяжуулах үйлдвэр барих шаардлага алга. Хямд зарсан түүхий эдийг нь худалдаж аваад боловсруулж, баяжуулаад сайн чанартай болгож зарсных нь төлөө буюу шинэ технологи оруулж ирснийх нь төлөө тусгай зөвшөөрөл нэхэх юм байна. Өмнө нь ийм тусгай зөвшөөрөл шаардаж байгаагүй. Энэ хуулийн төсөлд орж ирсэн энэ заалт бол буруу. Үйлдвэрлэлээ бид дэмжих ёстой. Дахиад нэг зөвшөөрөл гаргаж ирээд хязгаарлах биш. Баяжуулах үйлдвэр нээнэ гэдэг бол улсын комисс хүлээж авна. Мөн ТЭЗҮ батална. Маш олон шаардлага, стандартыг нь хангаад байхад дахиад тусгай зөвшөөрөл шаардаж байгаа нь хяналтандаа байлгах гэсэн улс төрийн бодлого.

"ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХЫН ТУЛД МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЖ, ДАРГЫН ГАРЫН ҮСЭГ НЭМЭГДЭНЭ Л ГЭСЭН ҮГ"
-Салбарын сайд танд энэ талаар тайлбар өгч чадсан уу?
-Товчхондоо хянах хэрэгтэй гэж тайлбарласан. Мөн нэг зүйлийг тодотгоё. Баяжуулах үйлдвэрээс тусгай зөвшөөрөл нэхэж байгаатай ижил Маркшейдер гэж мэргэжил бий. 39 төрлийн мэргэжил бөгөөд хэмжилт хийдэг. Энэ үйл ажиллагааг явуулахад мөн адил тусгай зөвшөөрөл шаардаж байна. Өөрөөр хэлбэл, энэ бол найдвартай хэмжилт хийдэг хүн гэж тусгай зөвшөөрөл өгнө гэж ойлголоо. Хэн энэ тусгай зөвшөөрөл олгох вэ. Энэ ажлыг хийдэг стандарт бий. Мөн хүлээж авдаг төрийн байгууллага бий. Геологийн нөөцийг бодоод хүлээж авдаг зөвлөл ч бий. Энэ бүхэнд нэмээд тусгай зөвшөөрөл олгоно гэдэг бол төрийн дарамт, саад. Тусгай зөвшөөрөл олгохын тулд материал бүрдүүлнэ л гэсэн үг.