TENEX компанитай хамтын ажиллагааны талаар санал солилцов

TENEX компанитай хамтын ажиллагааны талаар санал солилцов

“Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай ОХУ-ын төрийн өмчит “Росатом” корпорацын охин компани болох TENEX-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Юрий Александрович Ульянин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” нь уламжлалт уул уурхайн компанийн загвараас хөрөнгийн удирдлага, баялгийн сангийн менежмент, IPO болон хувьчлал хариуцсан санхүүгийн институт болон өргөжин шинэчлэгдэж буй талаар танилцууллаа. Талууд урт хугацааны стратегийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийн талаар санал солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв.

TENEX компани Монгол Улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд “Ураниум СА” ХХК-ийг байгуулж цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Tус компани нь Росатом корпорацын гадаад худалдаа, экспортын тусгай эрх бүхий оператор компани бөгөөд цөмийн түлшний бүрэн мөчлөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний олон улсын нийлүүлэлт, ураны худалдаа, баяжуулалт, экспортын гэрээ болон логистикийн үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд хэрэгжүүлдэг.