Хөвсгөл аймгийн Онцгой комиссын долдугаар хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар улсын баруун бүсийн аймгуудад шүлхий өвчний SAT-1 хэвшил, харин зүүн болон төвийн бүсийн аймгуудад О хэвшил бүртгэгдэж, халдварын нөхцөл байдал эрсдэлтэй түвшинд байна.
Хөвсгөл аймаг нь мал, амьтны гоц халдварт өвчингүй, эрүүл бүс нутаг бөгөөд энэхүү статусыг хадгалан хамгаалах нь чухал байгаа юм. Иймд халдварт өвчин тархах эрсдэлийг бууруулах, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, уяачдын хөдөлмөрийг эрсдэлд оруулахгүй байх үүднээс долдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулагдах байсан Хойд бүсийн хурдан морины уралдааныг цуцлах шийдвэрийг Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос гаргалаа.
Иргэд, малчид, аж ахуйн нэгж, байгууллагуудыг мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд идэвхтэй хамтран ажиллаж, холбогдох байгууллагуудаас гаргаж буй шийдвэр, зөвлөмжийг чанд мөрдөхийг уриалж байна.