Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Чунсоны фестивальд оролцоно

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Чунсоны фестивальд оролцоно

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид долоодугаар сарын 13-нд Солонгосын Чунчон хотод зохион байгуулах 38 дахь удаагийн хүүхэлдэйн фестивальд оролцохоор болжээ.

Нэг сарын хугацаанд үргэлжлэх тус фестивальд Улсын хүүхэлдэйн театрын жүжигчин О.Минжинсор, Г.Хонгорзул нар БНСУ-ын Азийн үндэсний соёлын төв болон Чунчоны Хүүхэлдэйн театртай хамтран бүтээсэн “Ааруулыг амтлах мөчид” жүжгээрээ оролцоно. Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүнд төрсөн энэхүү бүтээл нь Монголын үндэсний онцлог, соёлын үнэт зүйлсийг олон улсын үзэгчдэд хүргэх зорилготой ажээ.

“The Chuncheon Puppet Festival Foundation”-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү наадам нь дэлхийн олон орны шилдэг хүүхэлдэйн театр, бие даасан уран бүтээлчдийг нэгтгэдэг олон улсын нэр хүндтэй, томоохон соёлын үйл явдал юм. Хүүхэлдэйн театрын тусгай цогцолбор бүхий “Хүүхэлдэйн хот” хэмээн алдаршсан Чунчон хотноо болох тус фестиваль нь хүүхэд багачуудад зориулсан үзвэрээс гадна насанд хүрэгчдэд гүн утга агуулга бүхий философийн болон драмын төрлийн тоглолтуудыг багтаадаг онцлогтой.