"Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна" гэв

"Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна" гэв

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн дарга О.Хонгор Иргэний зөвлөлийн үйл ажиллагаа, ач холбогдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Иргэний зөвлөл гэдэг нь төрийн байгууллага, тэр дундаа цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн хараат бус, хөндлөнгийн хяналт тавих ‘civilian oversight’ тогтолцоо юм. Монгол Улсад энэ тогтолцоог 2017 оноос нэвтрүүлж, одоогоор гурав дахь бүрэлдэхүүн нь ажиллаж байна” хэмээн онцоллоо. Иргэний зөвлөл нь НИТХ-ын дэргэд сонгуульт хэлбэрээр байгуулагддаг бөгөөд нийслэлд долоон гишүүнтэй ажиллаж байгаа аж. Зөвлөлийн гишүүд нь цагдаа, шүүх, прокурорын байгууллагад сүүлийн таван жил ажиллаагүй, улс төрийн болон төрийн албан тушаал эрхэлдэггүй иргэдээс бүрддэг байна.

Хонгорын хэлснээр Монгол дахь Иргэний зөвлөл нь мөрдөн шалгах ажиллагаанд оролцдоггүй бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажилладаг. Мөн иргэдийн санал хүсэлт, гомдлыг холбогдох байгууллагад хүргэж, цагдаа болон иргэдийн хоорондын гүүр болох зорилготой юм. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд залилан, цахим гэмт хэрэг эрс нэмэгдэж байна. Иргэний зөвлөлөөс орон сууцны болон визний залилан зэрэг түгээмэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргэн ажиллаж байна” гэв.

Мөн өндөр хөгжилтэй орнуудад иргэний хяналтын тогтолцоо илүү өргөн эрхтэй байдгийг дурдсан бөгөөд Монголд Иргэний зөвлөлийн эрх хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ. “Төрд хамгийн сайн хяналт тавих хүн бол иргэн өөрөө. Иргэний хяналт сайжрах тусам төрийн байгууллагын ил тод байдал, хариуцлага нэмэгдэж, иргэдийн татварын мөнгөний зарцуулалт ч илүү нээлттэй болно” хэмээн Хонгор онцлов. Түүнчлэн Иргэний зөвлөлийн гишүүд сайн дурын үндсэн дээр ажилладаг бөгөөд тогтмол цалин авдаггүй, зөвхөн журмын дагуу улиралд нэг удаа урамшуулал олгодог гэдгийг хэллээ.