“Салхилаад ирье” гэж гэрээсээ гараад 15 хоног сураггүй алга болоод буй Т.Ганпүрэв сэтгэлзүйн хямралаас болж “тархины сааталд” орсон байж магадгүй байна

“Салхилаад ирье” гэж гэрээсээ гараад 15 хоног сураггүй алга болоод буй Т.Ганпүрэв сэтгэлзүйн хямралаас болж “тархины сааталд” орсон байж магадгүй байна

Баянзүрх дүүргийн иргэн, 60 настай Т.Ганпүрэв зургаадугаар сарын 15-ны орой гэрээсээ “салхилаад ирье” хэмээн гараад түүнээс хойш өнөөдрийг хүртэл хагас сарын хугацаанд сураггүй байгаа бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Тэрбээр алга болох үедээ хар хүрээтэй нүдний шилтэй, хар үстэй, хар өнгийн куртик, хар хөх өмд, дотуураа шоотой цагаан сорочкон цамц өмссөн байсан аж. Цагдаагийн байгууллагаас уг иргэнийг эрэн хайх ажиллагаа одоо хүртэл үргэлжилж байгаа бөгөөд иргэдээс ирэх мэдээлэл бүрийг шалган ажиллаж байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн юм.

-ТӨВ АЙМГИЙН АРГАЛАНТ СУМД ХАМГИЙН СҮҮЛД ХАРАГДСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭН БОЛ ТҮҮНЭЭС ХОЙШИХ МӨР ТАСАРЧЭЭ-

Хэрэг явдлын талаар түүний эхнэр Т.Загдмаагийн ярьж буйгаар нөхөр нь зургаадугаар сарын 15-ны орой гэрээсээ ердөө салхилаад ирнэ хэмээн гарсан бөгөөд гар утас, бэлэн мөнгө, банкны карт, бичиг баримт зэрэг өдөр тутамдаа авч явдаг зүйлсээ бүгдийг нь гэртээ үлдээжээ. Маргааш өглөөний 04:00 цагт ажилтай байсан учраас удахгүй орж ирнэ гэж гэр бүлийнхэн нь бодож хүлээсэн байна. Түүний хэлснээр Т.Ганпүрэв оройн цагаар ганцаараа гадуур явдаггүй, архи, тамхи хэрэглэдэггүй, өмнө нь хэзээ ч ийм байдлаар хэл сураггүй алга болж байгаагүй аж. Шөнө дөл өнгөрч, гэртээ ирэхгүй удахад ар гэрийнхэн нь өөрсдөө эрэлд гарч, улмаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт мэдээлэл өгсөн байна. Гэвч тухайн үед насанд хүрсэн хүнийг сураггүй болсоноос хойш 72 цагийн  дараа эрэн хайх ажиллагаа эхэлдэг талаар тайлбар өгсөн тул гэр бүлийнхэн нь зургаадугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зөвхөн өөрсдөө л хайсан хэмээн ярьсан юм. Тэд Т.Ганпүрэвийг очсон байж болзошгүй газруудын хяналтын камерын бичлэгийг үзүүлэх хүсэлт гаргасан боловч зөвхөн цагдаагийн байгууллагын зөвшөөрлөөр шүүдэг гэсэн хариу авсан байна. Улмаар зургаадугаар сарын 18-ны оройноос албан ёсоор цагдаа нарын хамт эрэн хайх ажиллагаа эхэлжээ.

Хяналтын камерын бичлэгийг шалгахад Т.Ганпүрэв Таван шар–Эмээлт чиглэлийн автобусанд сууж, Хүй долоон худаг орчимд буусан нь тогтоогдсон байна. Харин түүнээс хойших хөдөлгөөнийг илтгэх дүрс бичлэг, баримт өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа юм. Төв аймгийн Аргалант сумд хамгийн сүүлд харагдсан гэх мэдээлэл ирсэн бол түүнээс хойших мөр тасарчээ.

Эрэн хайх ажиллагааны явцад зургаадугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг дахь нэгэн малчин айлд очиж хоол идэн хэсэг саатсан гэх мэдээлэл тэдэнд ирсэн байгаа юм. Тухайн айлын хүмүүсийн мэдээлснээр тэрбээр гарахдаа “Баянхонгор аймаг явах унаанд сууна” хэмээн хэлээд явсан байна.Гэвч түүнээс цааш ямар тээврийн хэрэгслээр, хаашаа хөдөлсөн нь тогтоогдоогүй бөгөөд өөр ямар ч  мөр илрээгүй хэвээр байна.

Т.Ганпүрэв нь Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул иргэн бөгөөд ар гэрийнхэн нь тэнд амьдардаг хамаатан садан, танилуудтай нь нэг бүрчлэн холбогдоход очоогүй гэх хариу авчээ.

-ТАРХИНЫ СААТАЛД ОРСОН ХҮН ХЭСЭГ ХУГАЦААНД ГЭР БҮЛ, ОДОО БАЙГАА АМЬДРАЛАА МАРТАЖ, ЗӨВХӨН БАГА НАСНЫ ДУРСАМЖ, ХҮСЭЖ БАЙГАА ЗҮЙЛ РҮҮГЭЭ Л ТЭМҮҮЛДЭГ БАЙНА-

Түүний эхнэрийн ярьснаар сүүлийн үед нөхрийнх нь төрсөн ээж, төрсөн эгч, мөн хадам ээж нь гээд  богино хугацаанд дараалан нас барсан нь түүнд сэтгэл санааны хүнд цохилт болсон гэж бидэнд ярьж байлаа. Хэдийгээр өмнө нь сэтгэл зүйн ямар нэгэн өвчин, эмгэгтэй байгаагүй ч ойр дотнын хүмүүсээ алдаад хэсэг хугацаанд гутралтай байсан бөгөөд нутаг руугаа хамт явна гэж гэр бүлийнхэнтэйгээ ярьж байсан аж.

Энэ талаар Т.Ганпүрэвийн эхнэр Т.Загдмаа сэтгэл зүйчээс зөвлөгөө авахад хүчтэй сэтгэл зүйн цочрол, гүн гутралын дараа зарим хүнд ой санамжийн түр зуурын өөрчлөлт, будилалт илэрч, тухайн үеийн орчин нөхцөл, гэр бүлээ хэсэг хугацаанд санахгүй байх тохиолдол байдаг талаар тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл “тархины сааталд” орсон байж болзошгүй хэмээн урьдчилсан байдлаар дүгнэжээ. Ийм оноштой хүмүүс нь хэсэг хугацаанд гэр бүл, одоо байгаа амьдралаа мартаж, зөвхөн бага насны дурсамж, хүсэж байгаа зүйл рүүгээ л тэмүүлдэг байна.

Тиймээс ар гэрийнхэн нь Т.Ганпүрэвийг хөдөө орон нутагт, ялангуяа малчин айлд түр саатан байгаа болов уу гэсэн найдлага тээсээр байгаа аж. Иймд зургаадугаар сарын 15-наас хойш дээрх төрхтэй иргэнийг харсан, уулзсан, эсвэл ямар нэгэн мэдээлэлтэй байгаа иргэд цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлэхийг ар гэрийнхэн хүсэж байна. Ялангуяа Төв аймаг, Өвөрхангай, Баянхонгор аймаг болон эдгээр чиглэлийн зам дагуух сум, суурин газрын иргэдийн мэдээлэл эрэн хайх ажиллагаанд чухал ач холбогдолтой байгаа юм.