Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам албан ёсны facebook цахим хуудастаа “Монгол Улсад Мөнх Хөх Тэнгэрийн морьтонгууд нэртэй анхны казакуудын байгууллага байгуулагдлаа” хэмээн мэдээлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Бид ч үүний талаар хөндөж бичсэн нь саяхан.
-КАЗАК БОЛОН КАЗАХ ГЭДЭГ НЬ НЭГ ОЙЛГОЛТ БИШ-
Тэгвэл тус мэдээллийг уншихад хамгийн түрүүнд анзаарагдах зүйл нь агуулгын тодорхой бус байдал байгаа юм. Учир нь мэдэгдлийн эхэнд “казакуудын байгууллага” байгуулагдсан гэж дурдсан атлаа төгсгөл хэсэгтээ “Казахуудын үр хойчийг нэгтгэж, Монгол Улсад өөрийн гэсэн казахуудын нэгдлийг байгуулах эхлэл боллоо” хэмээн тайлбарласан байсан юм. Гэтэл казак болон казах гэдэг нь нэг ойлголт биш.
Казах бол түрэг угсааны үндэстэн буюу одоогоор манай улсын казах иргэдийн албан ёсны нэршил. Харин казак буюу казачество гэж Оросын эзэнт гүрний үеэс улбаатай цэрэг, нийгэм-соёлын уламжлалт бүлгийг нэрлэдэг.
Өөр утгатай эдгээр ойлголтыг нэг мэдээлэлд зэрэгцүүлэн ашигласан нь уг мэдэгдэл яг ямар байгууллагын тухай өгүүлж байгаа вэ гэсэн эргэлзээ төрүүлж байв. Нөгөөтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны мэдээлэлд “Монгол Улсад Мөнх Хөх Тэнгэрийн морьтонгууд" гэх байгууллага огт бүртгэгдээгүй, бүртгэлгүй байгаа юм.
-КАЗАХСТАН УЛСЫН КОНСУЛЫН ГАЗАР МАНАЙД БАЙГУУЛАГДАХ НЬ ХОЁР УЛСЫН БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ГҮНЗГИЙРҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ-
Юуны өмнө нэг зүйлийг сануулах нь зүйтэй. Сүүлийн үед Монгол Улс болон Казахстан улсын харилцаа идэвхжиж, Баян-Өлгий аймагт Казахстаны консулын газар байгуулах асуудал яригдаж байгаа. Тэгвэл консулын газар гэдэг ямар ач холбогдолтой талаар товч тайлбарлая. Алвиваа консулын газар нь тухайн улсын иргэдийг гадаад улсад амьдарч, зорчиж байх үед тэдний эрх ашгийг хамгаалах, өдөр тутмын төрийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй дипломат байгууллага юм.
Тухайлбал, паспорт, виз, иргэний бүртгэлтэй холбоотой үйлчилгээ үзүүлэхээс гадна осол, гэмт хэрэг, эрх зүйн маргаан, онцгой нөхцөл байдалд иргэдэд туслах, мөн эх орон руугаа буцах болон хууль ёсны эрх ашгийг нь хамгаалах үндсэн үүрэгтэй байдаг.
Тухайлбал, Манай улсад гэхэд ОХУ-ын ерөнхий косулын газар бүр Эрдэнэт хотод байдаг. Харин Монгол Улс гадаадад дараах гол бүсүүдэд консулын байгууллагатай. Тодруулбал,
- Хятад – Хөх хот, Эрээн, Хонгконг
- ОХУ – Улаан-Үд, Эрхүү
- АНУ – Чикаго, Сан Франциско, Нью-Йорк
- Япон – Осака
- БНСУ – Пусан
Эдгээр нь Монгол иргэд хамгийн их төвлөрсөн, зорчдог бүсүүд юм. Иймээс Баян-Өлгийд консулын газар байгуулагдвал баруун бүсийн иргэд Казахстантай холбоотой консулын үйлчилгээг Улаанбаатар явахгүйгээр ойроос авах боломж бүрдэх бөгөөд хил орчмын худалдаа, зорчих хөдөлгөөн, соёлын харилцаанд нэлээдгүй дэмжлэг үзүүлэх нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн Казахстан улс нь Монголын гуравдагч хөршүүдийн нэг бөгөөд хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд худалдаа, тээвэр, боловсрол, соёлын чиглэлээр тогтвортой өргөжиж ирсэн. Иймээс консулын газар нэмэгдэх нь зөвхөн иргэдийн үйлчилгээний асуудал бус, хоёр улсын бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ач холбогдолтой.
-"КАЗАХСТАНЫ КОНСУЛ БАЙГУУЛАХ" АСУУДАЛТАЙ ХОЛБОГДУУЛЖ ЗОРИУД ИЙМ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭСЭН БАЙЖ МАГАДГҮЙ-
Тэгвэл ОХУ-ын улсын Элчин сайдын яамны Монгол Улсад байгууллаа гэж нийтэлсэн “Мөнх Хөх тэнгэрийн морьтонгууд” нэртэй байгууллагын талаарх мэдээлэл манай улсын бүртгэлийн мэдээллийн санд огт байхгүй байгаагийн зэрэгцээ өөр ямар нэгэн эх сурвалжаар ийм байгууллага байгуулагдсан гэх нэг ч мэдээлэл олдоогүй юм.
Харин Оросын элчин сайдын яамны албан бус, бүдэг бадаг тус мэдээлэл нь Монгол Улсад Казахстан улсын консулын газар байгуулагдах асуудалтай холбогдуулж зориуд ийм худал мэдээлэл түгээсэн байж болзошгүй байгаа юм.
Ингэснээр тус мэдээлэлд дургүйцсэн манай иргэдээр Казахстаны консулын газар байгуулагдахыг эсэргүүцүүлэх, цаашлаад монголчуудыг талцуулах зорилготой байж болзошгүй байгаа юм.