Оксфордын их сургуулийн судалгааны багийн ахлагч Жорж Дрансфилдийн мэдэгдсэнээр, Дэлхийгээс 1000 гаруй гэрлийн жилийн алсад орших эдгээр хоёр гараг нь хүн төрөлхтний урьд өмнө Нарны аймгийн гадна илрүүлж байсан гаргуудаас хамгийн том бөгөөд хамгийн хөнгөн нь ажээ.
Энэхүү судалгааны үр дүнгийн талаарх өгүүлэл "Monthly Notices of the Royal Astronomical Society" сэтгүүлд нийтлэгдсэн байна. "Эдгээр хоёр гаргийн нягтыг дөнгөж савнаас нь шахсан сахлын хөөстэй зүйрлэж болно" гэж Ж.Дрансфилд хэлжээ. Түүний таамаглаж буйгаар, голчлон устөрөгч болон гелигээс бүрдэх уг гаргууд нь цагаан эсвэл цэнхэр өнгөтэй харагдах аж. Гэхдээ химийн найрлагыг нь нарийвчлан тогтоохын тулд дараагийн шатны ажиглалтуудыг хийх шаардлагатай байна.
"Өд шиг хөнгөн" ийм гаргууд нь маш ховорд тооцогддог бөгөөд NASA-гийн каталогид бүртгэгдсэн, Нарны аймгаас гадна орших 6300 орчим гаргуудын дотор 40 хүрэхгүй байдаг ажээ. "Ховор төрлийн гаргууд бүхий ер бусын системүүдийг судалснаар бид гараг эрхсийн үүсэл гарлын нууцыг тайлахад дахин нэг алхам ойртож, Орчлон ертөнцөд эзлэх өөрсдийн байр суурийг илүү сайн ойлгох боломжтой болно" гэж Дрансфилд онцлон тэмдэглэжээ.