Халамжийн мөнгө тараахаас татгалзаж "ажилд зуучлах" тогтолцоонд шилжүүлнэ гэж хуулийн төсөл тусгажээ

Халамжийн мөнгө тараахаас татгалзаж "ажилд зуучлах" тогтолцоонд шилжүүлнэ гэж хуулийн төсөл тусгажээ

Манай улсад нийгмийн халамжийн бодлого хэт хавтгайрч, хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг хүртэл халамжаас хамааралтай болгож байна гэх шүүмжлэл олон жилийн турш өрнөсөөр ирсэн. Жил бүр улсын төсвөөс нийгмийн халамжийн сангаар дамжуулан их хэмжээний хөрөнгө зарцуулдаг ч ядуурал, ажилгүйдэл төдийлөн буурахгүй байгаа нь халамжийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай болсны дохио гэлцдэг. Хамгийн сүүлийн жишээгээр 2026 оны төсөвт гэхэд Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээний зардалд 2.59 их наяд төгрөг төсөвлөсөн байна.

Иймд Засгийн газраас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм. Төсөлд нийгмийн халамжийн арга хэмжээг нийгмийн халамжийн тэтгэмж, нийгмийн халамжийн дэмжлэг, нийгмийн халамжийн үйлчилгээ гэсэн гурван үндсэн төрөлд ангилсан байна. Өөрөөр хэлбэл, цаашид халамжийн бодлого зөвхөн мөнгөн тэтгэмж бус иргэдийг бие даан амьдрах, хөдөлмөр эрхлэхэд чиглэсэн үйлчилгээ, хөгжлийн дэмжлэгтэй уялдах шинэ тогтолцоонд шилжихээр байна.

-НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭМЖ ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ИЛҮҮ ЧИГЛЭНЭ -

Хуулийн төсөлд нийгмийн халамжийн тэтгэмжийг илүү зорилтот байдлаар олгох зарчмыг тусгажээ. Ингэхдээ өрхийн амьжиргааны түвшний үнэлгээг төрийн мэдээллийн сан, их өгөгдөлд тулгуурлан шинэчилж, бодит хэрэгцээтэй өрх, иргэдийг илүү оновчтой тодорхойлох юм.

Мөн зарим тэтгэмжийг,

  • өрхийн амьжиргааны түвшинтэй уялдуулах;
  • эмзэг байдлын түвшнээс хамаарч ялгаатай хэмжээгээр тогтоох;
  • тодорхой хугацаагаар олгох;
  • шаардлага хангахгүй болсон тохиолдолд зогсоох зохицуулалт тусгажээ.

Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, асаргаа шаардлагатай хүний хэрэгцээг цогц үнэлгээгээр тодорхойлж, түүнд тохирсон тэтгэмж, үйлчилгээг шийдвэрлэх шинэ тогтолцоо мөн бий болохоор байна.

- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ДЭМЖЛЭГЭЭР ЗӨВХӨН МӨНГӨ ОЛГОХООС ГАДНА ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДАВХАР ДЭМЖИНЭ - 

Шинэчилсэн найруулгын хамгийн том өөрчлөлтийн нэг нь нийгмийн халамжийн дэмжлэгийг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах явдал юм. Тухайлбал, хүнс тэжээлийн дэмжлэгийг цахим картаар олгож, хөдөлмөрийн чадвартай иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээнд хамруулах, хүүхдийг дархлаажуулалтад бүрэн хамруулах, сургуулийн насны хүүхдийг боловсролоос завсардуулахгүй байх зэрэг нөхцөлийг тусгажээ.

Мөн хүнс тэжээлийн дэмжлэгийг хугацаатай олгож, өрх бүртэй хамтран өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулна. Үүнд өрхийн орлого нэмэгдүүлэх, ажилд зуучлах, мэргэжлийн сургалтад хамруулах, жижиг бизнесийг дэмжих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр халамж авагчийг удаан хугацаанд тэтгэмжээс хамааралтай байлгах бус бие даан орлого олох боломжийг нь нэмэгдүүлэх зорилготой байна.

 - НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭДЭД ЦОГЦ ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛНЭ - 

Хуулийн төсөлд нийгмийн халамжийн үйлчилгээг илүү өргөжүүлж, зөвхөн мөнгөн тусламжаар хязгаарлахгүй байхаар тусгажээ.

Үүнд:

  • асрамжийн байгууллагаас гарсан хүүхэд, залуус;
  • гэр оронгүй иргэд;
  • архи, мансууруулах бодисын хамааралтай хүмүүс;
  • хорих ангиас суллагдсан иргэд зэрэг нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст түр байр, зөвлөгөө, бичиг баримтжуулалт, нийгэмшүүлэх үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэгийг цогцоор нь үзүүлэхээр тусгасан байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон асаргаа шаардлагатай иргэдийн хэрэгцээг мэргэжлийн хамтарсан зөвлөл үнэлж, тухайн хүний нөхцөлд тохирсон үйлчилгээний төлөвлөгөө боловсруулдаг болох юм. Түүнчлэн асрамж, халамжийн байгууллагад өсөж буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 80 хувийг хадгаламжид хуримтлуулж, 20 хувийг өдөр тутмын хэрэглээнд зарцуулах бөгөөд насанд хүрэхээс нь өмнө санхүүгийн боловсролын сургалтад хамруулах зохицуулалт ч төсөлд багтжээ. Шинэчилсэн найруулгын төслийн гол зорилго нь нийгмийн халамжийг "мөнгө тараадаг тогтолцоо"-ноос "хэрэгцээнд суурилсан, хөдөлмөр эрхлэлт, өрхийн хөгжлийг дэмждэг тогтолцоо" болгон өөрчлөхөд чиглэж байна.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө