“Түгээгч нь гарч ирэхгүй удвал уурлаад явчихдаг байсан” шатахуун түгээх станцынхаа гадна бид хонон өнжин дугаарлаад даруй 10 гаруй хонож байна. Гэсэн ч дараалал хэвээрээ.
Энэ өдрүүдэд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штаб 24 цагаар ажиллаж, тэгш сондгойгоор шатахуун олгох, 50 мянгын лимиттэй олгох зэрэг ажлуудыг хийж байгаа юм. Түүнчлэн шатахууныг дамлан борлуулах, хууль бусаар худалдаалах үйл ажиллагаанд Тагнуулын ерөнхий газар хяналт тавьж байгаа аж. Гэтэл Тагнуулын ерөнхий газар чинь газрын тосны эрэл хайгуул, улс орны хөгжилд нэмэртэй томоохон бүтээн байгуулалтыг эсэргүүцэж буй зохион байгуулалттай бүлэглэл, үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй үйлдлийг шалгах чиг үүрэгтэй төрийн тусгай байгууллага хэрнээ шатахуун дамлан зарж буй иргэдийн араас хөөцөлдөх нь хэр зохистой вэ гэдэг асуултыг дагуулж байгаа юм.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд хэдийн 36 жилийн нүүрийг үзээд байгаа ч Монголын төрийг удирдаж буй “дарга” нарын тархи 1990 ондоо гацчихаад байгаа юм шиг ээ.
Дэлхий дахины нөхцөл байдал хүнд, дайн дажин үргэлжилж, газрын тосны зах зээлд тодорхойгүй байдал үүссэнийг бид ойлгож байгаа. Гэхдээ зах зээлийн эдийн засагтай улс орон гэчихээд бүхнийг хааж боож, нэг “ууртай даргын” үгээр хамаг амьдралаа зохицуулаад байгааг ойлгохгүй юм. Өнөөдөр гурван цаг шатахуунд дугаарлаж зогсоод, гурван шон шатахуун авч амжихгүй ажиллаж яваа хүн хэд байгаа вэ, даргаа. Эсрэгээрээ гурван цаг дараалалд зогсож авсан шатахуунаа гурав, таван төгрөг нэмж зараад “бизнес” хийх сонирхолтой хүн бий юу, даргаа. Бензин авах “эрхгүй” өдрөө хол газар явах ажилтай хүн танай улсад байдаг уу, даргаа. 50 мянгын шатахуунаараа хоёр хоног хүргэж чадалгүй таг зогссон жолооч таван литр "шагийн бензин" хийгээд колонкын бараа харж болох уу, даргаа. Эцэст нь иргэдээ торгох, шалгахын өмнө шатахуунгүй болгосон шалтгаанаа шалгах цаг нь болсон биш үү, даргаа.