ОХУ-ын Саратов хотын электроникийн дэлгүүрт хүн дүрст робот үйлчлүүлэгчтэй “зодолдох” шахсан бичлэг олон нийтийн сүлжээнд таржээ.
ВИДЕО:
Хяналтын камерын бичлэгээс харахад нэгэн үйлчлүүлэгч дэлгүүрт байрлуулсан робот руу ойртож, түүнтэй мэндлэхийг оролдсон байна. Харин робот хариу үйлдэл үзүүлээгүй тул тэрээр машиныг хөнгөн түлхжээ. Гэтэл үүний дараа робот гэнэт хөдөлж, үйлчлүүлэгчийн зүг дайрч, хөлөөрөө өшиглөх мэт хөдөлгөөн хийсэн байна. Улмаар дэлгүүрийн ажилтнууд яаран оролцож, роботыг зогсоохыг оролджээ.
Зарим бичлэгт робот зөвхөн үйлчлүүлэгч рүү бус, ойр байсан хүмүүсийн зүг гар, хөлөөрөө савчиж байгаа мэт харагдсан бөгөөд эцэст нь ажилтан ар талаас нь очиж төхөөрөмжийг унтрааснаар нөхцөл байдлыг хяналтдаа авсан байна. Энэ явдал Саратов хотын электроникийн дэлгүүрт болсон бөгөөд бичлэг 2026 оны есдүгээр сарын 2-нд олон нийтийн сүлжээгээр өргөн таржээ. Гэхдээ робот үнэхээр өөрийн системийн доголдлын улмаас ийм үйлдэл хийсэн үү, эсвэл дэлгүүрийн сурталчилгаа, маркетингийн зохиомж байсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.