Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Австралид ажиллаж, амьдарч буй монголчуудтай цахимаар уулзлаа

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Австралид ажиллаж, амьдарч буй монголчуудтай цахимаар уулзлаа

Ардчилсан намаас орон даяар өрнүүлж буй “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус намын дарга О.Цогтгэрэл Австрали Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй цахимаар уулзлаа. 

Уулзалтын эхэнд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Ардчилсан тогтолцоотой, эрх чөлөөний мэдрэмж өндөр улс орнуудад ажиллаж амьдарч байгаа иргэдтэйгээ уулзаж Монголын нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн талаарх санал, шийдлийг сонсох үүднээс энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Эх орноосоо хол ч үргэлж Монголтойгоо харилцаа холбоотой явж байгаа та бүхний санаа бодол бидний хувьд маш үнэтэй санал байх болно” хэмээн онцоллоо. 

Уулзалтын үеэр Австралид бизнес эрхэлж буй Б.Энхтайван тус улсын дөрвөн хотод зам, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 120 монгол иргэнийг ажлын байраар ханган ажиллаж байгаагаа танилцуулжээ. Тэрбээр Австралид бизнес эрхлэхэд төрийн дарамт, хүнд суртал бага, төрийн үйлчилгээ цахим бөгөөд хялбар байдгийг онцлоод, гадаадад байгаа монголчуудын сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг хэлсэн байна. Тухайлбал, одоогийн зохицуулалтаар Австралид ажиллаж, амьдарч буй монголчууд нийслэл Канберра хотод очиж саналаа өгөх шаардлагатай болдог нь бусад хотод оршин суудаг иргэдийн сонгуулийн оролцоонд хүндрэл учруулж байгааг дурджээ.

зурагт, утас ба бичвэр нарын зураг байж магад

Мөн Австралийн шилдэг 100 эрдэмтний нэгээр шалгарч, Канберра хотын 2026 оны шилдэг эрдэмтнээр нэрлэгдсэн Б.Мөнхбаяр уулзалтад оролцсон байна. Тэрбээр хагас дамжуулагчийн чиглэлээр судалгаа хийдэг бөгөөд Австралийн гурван их сургуульд ажиллаж, 300-400 орчим оюутанд хичээл заадаг, 10-15 докторантыг докторын зэрэг хамгаалуулсан талаар ярьжээ. Цаашид Монголд очиж судалгааны баг байгуулах зорилготой гэдгээ илэрхийлсэн байна. Б.Мөнхбаяр Монголд шинжлэх ухааны салбарт олон ололт байгаа ч татварын дарамт судлаачдад хүндрэл учруулж байгааг хэлээд, химийн судалгааны төхөөрөмж Монголд Австралиас 10 дахин өндөр үнээр орж ирдэг жишээг дурджээ.

нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс ба зурагт нарын зураг байж магад

Харин Австралид долоон жил ажиллаж, амьдарч буй А.Уранбилэг Монгол Улсын төсөв, төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагаа хуваалцаад, Австралид бизнес эрхлэхэд зөвшөөрөл авах үйл явц хялбар байдгийг онцолсон байна. Тэрбээр Монголын хөгжилд саад болж буй зүйлсийн нэг нь төрийн данхайсан бүтэц, хүнд суртал бөгөөд бүх ажлыг төр хийх, бүх зүйлд төр оролцох хандлага байгааг шүүмжилжээ.

Уулзалтын үеэр оролцогчид Монгол болон Австралийн амьдралын чанар, бараа бүтээгдэхүүний үнэ, төрийн үйлчилгээ, олон нийтийн оролцоо зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж, Монголын нийгэмд хэрэгжүүлж болох гадаадын сайн туршлагын талаар санал солилцсон байна.