Хөгжлийн банк дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн “Хөгжлийн бонд” хөтөлбөрийг эхлүүллээ

Хөгжлийн банк дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн “Хөгжлийн бонд” хөтөлбөрийг эхлүүллээ

Монгол Улсын Хөгжлийн банк дотоодын хөрөнгийн зах зээлд нийт 500.0 тэрбум төгрөгийн “ХӨГЖЛИЙН БОНД” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн эхний транч болох 100.0 тэрбум төгрөгийн бондыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан өнөөдөр /2026.09.07/ олон нийтэд нээлттэй санал болгож, цан цохих ёслол зохион байгууллаа.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн “Хөгжлийн банк нь Монгол Улсын Засгийн газартай адил ВВ-/В1/В+ түвшний зээлжих зэрэглэлтэй бөгөөд “ХӨГЖЛИЙН БОНД” нь хөрөнгө оруулагчдад хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, бондын хүүгийн орлого нь албан татвараас бүрэн чөлөөлөгдөхөөс гадна Монголбанкны барьцаалах болон түргэн борлогдох хөрөнгийн жагсаалтад багтсан юм. Ийнхүү нээлттэй үнэт цаас санал болгож буй нь олон нийтэд банкны үйл ажиллагааг илүү нээлттэй таниулах, хяналт оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад дотоодын хөрөнгийн зах зээлд шинэ жишиг тогтоох зорилготой” гэлээ.

“ХӨГЖЛИЙН БОНД”-оор дотоодын зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг Монгол Улсын эдийн засгийн тэлэлтийг дэмжих тэргүүлэх чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах юм. Үүнд дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр, экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн төслүүд багтах бөгөөд санхүүжилтийг Засгийн газрын бодлого, тэргүүлэх чиглэлтэй уялдуулан олгож, нийгэм, эдийн засгийн бодит өгөөжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

“Хөгжлийн бонд 1”-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг Монголын Хөрөнгийн биржийн BOND системээр дамжуулан 2026 оны 9 дүгээр сарын 7-ноос 9 дүгээр сарын 9-ний өдрийг дуустал, өдөр бүр 10:00–13:00 цагийн хооронд хүлээн авна. Хөрөнгө оруулагчид өрсөлдөөнт болон өрсөлдөөнт бус саналаар оролцох боломжтой. Өрсөлдөөнт саналд өгөөжөөр, харин өрсөлдөөнт бус саналд нэрлэсэн үнээр санал өгч оролцоно. Нэг хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь зарласан хэмжээнээс хэтрэхгүй байхаар заажээ.