Намрын хуурайшилт ихтэй, хур тунадас багатай энэ үед ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Улсын хэмжээнд он гарсаар нийслэлийн хоёр дүүрэг, 12 аймгийн 59 суманд 157 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ. Үүнээс 41 нь ойн, 115 нь хээрийн түймэр байна. Түймрийн 49 нь Дорнод, 31 нь Сүхбаатар, 28 нь Хэнтий аймагт гарсан бөгөөд урьдчилсан байдлаар 1,158,974 га талбай галд өртөж шатсан байна. Үүнд 33,229 га ой, 1,125,745 га хээрийн талбай багтаж байна. Түймрийн улмаас нэг иргэн амиа алдаж, хоёр иргэн түлэгдсэн бол 12 гэр, хоёр байшин, зургаан өвөлжөө, 38 хашаа саравч, зургаан автомашин техник, 131 бод, 1012 бог мал өртөж, 6.5 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Харин аврагчид түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, найман автомашиныг авран хамгаалж, гурван айл өрхийн найман иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн байна. Мэргэжлийн байгууллагууд ой, хээрийн түймрийн шалтгааны 70 орчим хувь нь хүний санамсар, болгоомжгүй үйлдэлтэй холбоотойг анхааруулж, ой, хээрийн бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины иш, цог нурмыг бүрэн унтраахыг сэрэмжлүүлж байна.