“Авто замын боомтоор хууль бусаар бараа нэвтрүүлэхийг завдлаа” гэх дуудлага, мэдээлэл энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Н” нь том оврын тээврийн хэрэгслээр 18 тонн сонгино тээвэрлэн Монгол Улсын хилээр нэвтрүүлэх явцдаа дэлхийн устаж болзошгүй ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн бөхөнгийн эврийг ачаан дундаа нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нөхцөл байдал тогтоогдлоо. Шалгалтын явцад 19 хайрцагт савласан, 3260 ширхэг 677кг бөхөнгийн эвэр илэрсэн. Хэргийг үргэлжлүүлэн Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Иргэд та бүхэн нэн ховор амьтан агнах, тээвэрлэх, худалдан авах, борлуулах, хилээр нэвтрүүлэх хууль бус үйлдлийг мэдсэн даруйд цагдаагийн байгууллагын 102 болон 7019-1070 тусгай дугаарын утсанд хандана уу.