“Монгол, Японы Ерөнхий сайд нар Чингис хаан нисэх буудлын өргөтгөлийн 150 тэрбум иений зээлийг өнөөдөр хэлэлцэнэ” гэж The Japan Times мэдээллээ

“Монгол, Японы Ерөнхий сайд нар Чингис хаан нисэх буудлын өргөтгөлийн 150 тэрбум иений зээлийг өнөөдөр хэлэлцэнэ” гэж The Japan Times мэдээллээ

Япон улс Монгол Улсын Чингис хаан олон улсын нисэх буудлыг өргөтгөхөд зориулж ойролцоогоор 150 тэрбум иений хөнгөлөлттэй зээл олгохоор болсон талаар "The Japan Times" мэдээлжээ.

Тус мэдээлэлд дурдсанаар, зээлийн асуудлыг мягмар гарагт болох Монгол, Японы Ерөнхий сайд нарын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр тал тохиролцож, Засгийн газар хооронд ноот бичиг солилцох төлөвтэй байна. Монгол Улсын парламент уг зээлийг хэдийнэ баталсан бол Японы Засгийн газар мягмар гарагт зээлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр бэлтгэж байгаа аж. Ноот бичигт гарын үсэг зурсны дараа Японы Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага болох Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон Монгол Улсын Засгийн газар зээлийн гэрээ байгуулах юм. Япон улс 2021 онд ашиглалтад орсон Чингис хаан олон улсын нисэх буудлыг хөгжүүлэхэд өмнө нь 65.657 тэрбум иений зээл олгож байжээ. Гэвч тус нисэх буудлын зорчигчдын урсгал анхны тооцооллоос давж, улмаар том оврын онгоцны зогсоол болон терминалын багтаамж хүрэлцэхгүй болсон байна. Иймээс хоёр улсын Засгийн газар нисэх буудлыг өргөтгөх шаардлагатай гэж үзжээ. Өргөтгөлийн ажлыг хэзээ эхлүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч Монголын албаны хүн ирэх онд бүтээн байгуулалтыг эхлүүлбэл зохимжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Орос, БНХАУ-ын дунд оршдог Монгол Улсын хувьд нисэх буудал нь Япон болон бусад “гуравдагч хөрш” оронтой иргэд хоорондын болон эдийн засгийн харилцааг холбох чухал зангилаа юм. Японы Засгийн газар нисэх буудлыг өргөтгөснөөр агаарын тээврийн холболтыг сайжруулж, Монгол Улсын тусгаар тогтнол, тэсвэрлэх чадварыг дэмжих зорилготой гэжээ. Хоёр улс нисэх буудлын өргөтгөлийн асуудлаар энэ сарын 3-нд Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги болон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын уулзалтын үеэр үндсэндээ тохиролцсон байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.