Х.Ганхуяг: Дуу чимээний бохирдлыг бууруулах хуулиар чимээгүй бүс тогтоож, байршлыг орон нутгийн удирдлага шийдвэрлэнэ

Х.Ганхуяг: Дуу чимээний бохирдлыг бууруулах хуулиар чимээгүй бүс тогтоож, байршлыг орон нутгийн удирдлага шийдвэрлэнэ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчныг хамгаалах зорилгоор “Дуу чимээний бохирдлын тухай” хуулийн төслийг санаачилжээ. Тус хуулийн төсөлд дуу чимээний эх үүсвэрийг ангилах, зөвшөөрөгдөх түвшин тогтоох, чимээгүй бүс бий болгох, хэмжилт, хяналтыг сайжруулах зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.

ВИДЕО: 

- Юуны өмнө урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Ярилцлагаа энэ хуулийн төслийг санаачлах болсон шалтгаанаас тань эхэлье.

- Энэ их энгийн зүйлээс эхэлсэн л дээ. Зун манай гэр төв замтай их ойрхон байдаг юм. Цонхоо онгойлгохоор унтаж болдоггүй, маш их дуу чимээ гардаг. Чанга дуутай мотоцикл явах, машинаараа уралдаж давхих зэрэг асуудлыг хэрхэн зохицуулж болох вэ гэсэн бодлоос л эхэлсэн. Хүмүүсийн стрессийг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлсийн нэг нь яах аргагүй авто замын дуу чимээ юм. Тэгээд судалж үзсэн. Эхлээд үүнийг аль нэг хуулийн бүлэгт нэмж оруулах уу, эсвэл тусдаа хууль болгох уу гэж байгаад анхдагч хуулийн төслийг боловсруулсан.  Бусад орны туршлагыг харьцуулж, тухайлбал Японы дуу чимээний бохирдлыг зохицуулдаг хуулийн үзэл санаатай ойртуулан боловсруулахыг зорьсон юм. Бид хааяа нэг хөдөө явахаар амраад л эхэлдэг шүү дээ. Хотод бол бид өдөр тутамдаа дуу чимээний нөлөөнд байгаагаа тэр бүр анзаардаггүй. Тэр чинь дуу чимээний бохирдол. 

- Дуу чимээний бохирдол хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

- ДЭМБ болон энэ чиглэлийн судлаачидтай уулзаж, дуу чимээний бохирдлын асуудлыг судалсан. Дуу чимээний бохирдлыг “чимээгүй тахал” гэж нэрлэдэг. Энэ нь олон төрлийн эрүүл мэндийн асуудлын шалтгаан болдог. Нойргүйдэл, бүр цаашлаад эрчүүдийн үр тогтоох чадварт нөлөөлдөг юм билээ. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

- Таны санаачилсан хуулийн төсөлд дуу чимээний бохирдлыг бууруулах чиглэлээр ямар гол зохицуулалт тусгасан бэ?

- Хуулийн төсөл нийт 10 бүлэгтэй. Дуу чимээний эх үүсвэрийг ангилах, бүртгэх, зөвшөөрөгдөх түвшин болон бүсчлэл тогтоох, хяналт-шинжилгээ хийх, эрсдэлийн үнэлгээ, зураглал гаргах зэрэг зохицуулалтыг тусгасан. Мөн дуу чимээний эх үүсвэр хаана байна, ямар түвшний дуу чимээ үүсгэж байна, үүнд хэдий хэмжээний хүн ам өртөж байна вэ гэдгийг хэмжиж, тогтоодог болох шаардлагатай. Ингэснээр асуудлыг зөвхөн иргэдийн гомдлоор шийдэх бус, хэмжилт, судалгаанд үндэслэн зохицуулах боломж бүрдэнэ.

- Хуулийн төсөлд чимээгүй бүс тогтоохоор тусгажээ. Энэ бүсийг хаана тогтоох вэ?

- Хуулийн төсөлд чимээгүй бүсийн зохицуулалтыг тусгасан. Нийслэлийн нутаг дэвсгэрт эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ахмад настны болон бусад асрамжийн газар, орон сууцны орчныг хамгаалах чимээгүй бүсийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохоор тусгасан. Харин аймаг, сумын нутаг дэвсгэрт эрсдэлийн үнэлгээнд үндэслэн тухайн шатны ИТХ чимээгүй бүс тогтоож болно.

Өөрөөр хэлбэл, чимээгүй бүсийн байршлыг тухайн орон нутгийн нөхцөл байдал, хүн амын суурьшил, дуу чимээний эх үүсвэр, эрсдэлийг харгалзан шийдвэрлэнэ. Засаг дарга холбогдох байгууллагын дүгнэлт, иргэд болон байгууллагын саналыг үндэслэн бүсийн төслийг боловсруулж, ИТХ-д өргөн мэдүүлэх зохицуулалттай.

Чимээгүй бүс тогтоосон тохиолдолд тухайн бүсэд дуу чимээний зөвшөөрөгдөх түвшнийг хэтрүүлэх, хамгаалалтын шийдвэрээр тогтоосон хязгаарлалтыг зөрчихийг хориглоно. Гэхдээ чимээгүй бүс тогтоогоогүй байна гээд орон сууц, сургууль, эмнэлгийн орчны дуу чимээний шаардлагыг зөрчиж болно гэсэн үг биш.

- Дуу чимээний зөвшөөрөгдөх түвшнийг хэрхэн тогтоох вэ?

- Хуулийн төсөлд ажлын байр, орон сууц, авто зам, төмөр зам, нисэх онгоц, худалдаа, үйлчилгээ зэрэг дуу чимээний эх үүсвэр, орчны төрлөөс хамааруулан хүлцэх түвшин тогтооно. Одоогоор эдгээр зохицуулалтын заалтыг хуулийн төсөлд оруулчихсан байгаа. Тухайлбал, авто зам, нисэх буудал, аж үйлдвэрийн бүс зэрэг орчинд ямар түвшин мөрдөхийг ДЭМБ-ын зөвлөмжид тулгуурлан тусгасан бөгөөд тухайн салбарын судлаачидтай уулзаж, эцсийн хэлэлцүүлгийг хийх шаардлагатай байна.

- Одоо Тээврийн цагдаагийн албанд дуу чимээ хэмждэг аппарат байдаг юм билээ. Үүнээс өөрөөр дуу чимээний бохирдлыг хэмжих, хянах тогтолцоо байгаа вэ?

- Дуу чимээний бохирдлыг бодитоор хянахын тулд хэмжилтийн төхөөрөмжийг олон байршилд, шаардлагатай тохиолдолд камертай хамт байршуулж, тогтмол хэмждэг болох хэрэгтэй. Хуулийн төсөлд аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийн дуу чимээний хяналт-шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өндөр эрсдэлтэй эх үүсвэр болон хүн ам олноор өртөх орчныг тэргүүн ээлжид хянах зохицуулалт тусгасан. Мөн дуу чимээний зураглалыг таван жил тутам боловсруулж, шинэчлэхээр заасан. Ингэснээр дуу чимээний түвшин ямар байгааг, аль хэсэгт хэтэрч байгааг, хэдий хэмжээний хүн ам өртөж байгааг тогтоож, түүний үндсэн дээр арга хэмжээ авах боломжтой болно.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

- Дуу чимээний бохирдол үүсгэж байгаа иргэн, аж ахуйн нэгж ямар хариуцлага хүлээх вэ?

- Хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, хяналт болон хариуцлагын асуудлыг тусгасан. Дуу чимээ үүсгэж байгаа эх үүсвэрийн төрөл, үйл ажиллагаа, тухайн орчны шаардлагаас хамааран дуу чимээг бууруулах арга хэмжээ авах ёстой. Тухайлбал, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид тоног төхөөрөмж, агааржуулалт, хөргөлт, тээвэрлэлт, ачилт, буулгалтаас үүсэх дуу чимээг зөвшөөрөгдөх түвшнээс хэтрүүлэхгүй байх шаардлага тавина. Өндөр эрсдэлтэй эх үүсвэр ашиглагчид хэмжилт, дотоод хяналт, бууруулах арга хэмжээний төлөвлөгөө хэрэгжүүлэх зохицуулалттай. Хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээр төсөлд тусгасан.

- Дэлхийн бусад улс орнууд дуу чимээний бохирдлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

- Бусад орны туршлагыг судалж, хуулийн төслийг боловсруулахдаа харгалзан үзсэн. Тухайлбал, дуу чимээний түвшнийг хэмжих, бүсчлэл тогтоох, хүлцэх хэмжээг мөрдүүлэх, эх үүсвэр дээр нь дуу чимээг бууруулах зэрэг зохицуулалт чухал юм.

- Хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээр ямар үр дүн гарах бол?

- Стресс багасна. Бид өдөр бүр стресстэж байна. Сошиал медиагийн стрессээс гадна өдөр тутамдаа дуу чимээний бохирдлоос үүдэн стресстэж байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх, дуу чимээний сөрөг нөлөөллийг бууруулах боломж бүрдэнэ гэж харж байна.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө