Одоогоос бараг 10 жилийн өмнө буюу 2017 оны зургаадугаар сард “Их бүрд” үйлчилгээний төвд ажиллаж байсан 22 настай А.Сондор гэх эмэгтэй тус төвийн хашаанд цахилгаанд цохиулж, газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Талийгаачийн ээж Цэцэгмаа охиныхоо амь насыг хохироосон хэргийн үнэн мөнийг тогтоолгохоор хууль, хяналтын байгууллагын үүдийг 10 жилийн турш сахиж, олон удаагийн мөрдөн шалгах ажиллагаа, хойшилсон шүүх хурал, шийдвэрийг хүлээжээ. Гэвч эцэст нь охиных нь үхэлд хэн ч буруугүй “бороо” буруутай гэсэн шийдвэр сонссон байдаг. Бид талийгаачийн ээж Цэцэгмаатай уулзаж, хэргийн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шийдвэр болон ээж хүний туулсан хүнд он жилүүдийн талаар ярилцлаа.
ВИДЕО:
-Юуны өмнө танай гэр бүлд тохиолдсон харамсалтай явдалд гүн эмгэнэл илэрхийлье. Хэргийн талаар зөв ойлголт өгөхийн тулд ярилцлагаа охин тань хэзээ, ямар нөхцөлд амь насаа алдсан талаар эхэлье. Тухайн өдөр юу болсон талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Миний охин Сондор 2017 оны зургаадугаар сард “Их бүрд” цогцолбор буюу албан ёсны нэрээрээ “Стар интер трейд” компанийн байрны хашааны завсраар гарч, цаана нь байдаг ТҮЦ-ээс ундаа, печень хоёр аваад буцаж орж ирэхдээ тогонд цохиулж нас барсан юм. Газар дээрээ нас барсан гэдэг. Тэгээд охиныг нас барсныг надад тэр дор нь хэлээгүй. Хоёр, гурван цагийн дараа л мэдэгдсэн. Би очиход цагдаа, эмнэлгийн түргэн тусламжийнхан гээд бүгд ирчихсэн байсан. Хүн хүүхдээ өөд болчихлоо гэхээр эхэндээ итгэдэггүй юм байна. Би өөрөө харъя, ядаж охиныхоо гар, хөлийг барьж үзье гэж гуйсан ч цагдаа нар намайг огт дөхүүлээгүй. Ийм л харамсалтай явдал болсон доо.
-ОХИНЫ МИНЬ АМИА АЛДСАН ХАШААГ ХЭРЭГ ЭЦЭСЛЭГДЭЭГҮЙ БАЙХАД ЯНЗЛААД ӨӨРЧИЛСӨН БАЙСАН-

-Тухайн үед охины тань шүүх эмнэлгийн дүгнэлт юу гэж гарсан бэ?
-Шүүх эмнэлгийн дүгнэлтийг би үнэн зөв гарсан гэж боддог. Яагаад гэвэл 380 вольтын тог гэдэг чинь яаж ч өөрчлөх гээд өөрчлөгдөхөөргүй, хамгийн үнэн зөв дүгнэлт гардаг гэж би хүмүүсээс сонсож байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт ч тэгж гарсан. Би өмнө нь болсон явдлыг ярихдаа сандарч, зарим зүйлийг буруу хэлсэн байж магадгүй. Дүгнэлтээр тог охины маань баруун гар талаар орж, зүрхийг нь дайран, зүүн гуяар нь гарсан гэж байсан. Охинд үхэлд хүргэх ямар нэгэн өвчин, хууч өвчин байгаагүй. Зөвхөн тогонд цохиулж, шатаж нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс би шүүх эмнэлгийн дүгнэлтийг маш зөв, үнэн зөв гэж үздэг.
-Тухайн үед тэр хашаа яагаад цахилгаан гүйдэлтэй байсан талаар мэдээлэл та авсан болов уу?
-Миний охин уг нь ОХУ-ын Нежневск хотын төмөр замын сургуулийг онц төгссөн хүүхэд. Тэгээд нэг ажлынх нь өөрчлөлт гараад хэсэг хугацаанд завсарлах хоорондоо эгчийнхээ ажил дээр очиж, хүмүүсийн толгой, гар, хөлийг барьж өгдөг бариачийн ажил хийсэн юм. Өвөөгөө дагасан, гартаа юмтай, удам дамжсан авьяастай хүүхэд байсан. Түр хугацаанд тэнд ажиллаж байгаад л ийм харамсалтай явдалд өртсөн. Гэтэл тэр хашаа охиныг минь нас барахаас өмнө ч тогтой байсан гэдгийг хүмүүс мэддэг байсан юм билээ. Б.Батын чихэнд хүртэл энэ тухай хэлж байсан. Зохион байгуулагч Хандаа гэдэг хүнд нь ч ажилчид нь энэ талаар хэлж байсан юм билээ. Гэвч ямар ч арга хэмжээ аваагүй. Тэгээд л хүний амь эрсдэх хүртэл ийм аюултай нөхцөл байдал үүсээд байна шүү дээ.
-Охин тань тогонд цохиулж нас барсан хашааг дараа нь зассан болов уу. Та тэр газарт эргэж очиж үзсэн үү?
-Нэг удаа хүүтэйгээ очсон. Охиныг минь нас барсны яг маргааш нь хашааг нь янзалсан юм билээ. “Содмонгол ХХК”-ынхон янзалсан гэж дуулдсан. Гэхдээ хэрэг явдал бүрэн шийдэгдээгүй байхад тухайн газарт өөрчлөлт оруулах ёсгүй байдаг юм билээ. Журам нь тийм гэж ойлгосон. Гэтэл тэд хашаагаа бүр тэлж, байшин барилгаа өөрчилж, хашааг нь буулгаж, осол болсон газрыг бүр үгүй болгочихсон байсан. Тэр ямар эрх мэдэлтэй, ямар зөвшөөрөлтэй байсан юм бол гэж би гайхдаг. Улсын мөрдөн байцаах комиссоос энэ хэрэг удаашралтай явж байна гээд н.Буянтогтох гэдэг байцаагчийг нэмэлтээр томилж, мөрдөн шалгуулахаар явуулсан байдаг. Тэр байцаагч нэлээд сайн ажилласан. Надад тухайн үед энэ газрыг ингэж өөрчилж болохгүй, асуудал шийдэгдээгүй байхад хөдөлгөх ёсгүй байсан юм гэж хэлж байсан.
-“СОДМОНГОЛ ГРУПП”, “ЭЛЕКТРИК КОМ” КОМПАНИЙГ ХАРИУЦАГЧААР БИШ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ ЁСТОЙ БАЙСАН-

-Охины тань амь нас хохирсон хэрэгт ямар албан тушаалтан, байгууллагыг буруутай гэж үзэн яллагдагчаар татсан байдаг вэ?
- “Стар интер трейд” компанийн захирал Б.Батыг яллагдагчаар татсан байдаг юм. Харин “Содмонгол групп”, “Электрик ком” компанийг хариуцагчаар татсан. Миний бодлоор “Стар интер трейд”, “Содмонгол”, “Электрик ком” компаниуд, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ", мөн тухайн үед газар доогуур татсан шугамыг хүлээж авсан мэргэжлийн комисс хүртэл буруутай гэж үздэг. Манай талаас “Содмонгол”, “Электрик ком” компанийг давхар яллагдагчаар татуулах хүсэлтийг хоёр удаа гаргасан. Гэтэл тэр хүсэлтийг ерөөсөө авч хэлэлцээгүй.
-Та эдгээр байгууллагыг яагаад буруутай гэж үзэж байгаа вэ?
-“Стар интер трейд” компанийн хашаанд байсан цахилгааны шитээс 380 вольтын тог авч, газар доогуур нүх ухаж шугам татан бензин түгээх станц руугаа холбосон юм билээ. “Содмонгол” компани тэр ажлыг “Электрик ком” компанид гүйцэтгүүлсэн. Шугам татахдаа ёс журмын дагуу зориулалтын элс, тоосгоор хучиж хамгаалаагүй юм шиг байгаа юм. Дараа нь “Стар интер трейд” компани хашаагаа бага зэрэг гадагш тэлж, төмөр хашаа зоохдоо тэр хамгаалалтыг нь анзаараагүй бололтой. Яг тэр шугам дээр нь төмөр хашаа зоогдсон таарсан юм байна лээ. Тэгээд хүмүүс хашааны завсраар орж, гарч байхад хашаа хөдөлж, үрэлт үүссэнээс цахилгаан дамжсан юм болов уу гэж би боддог. Охиныг минь тогонд цохиулдаг өдрийн өмнө бороо орсон байж таараад. Газар чийгтэй байсан учраас хүчтэй гүйдэл үүссэн байх гэж бодож байгаа.
-Тэгэхээр таны хувьд зөвхөн “Стар интер трейд” компанийн захирал Б.Бат биш, цахилгааны шугам татсан болон хариуцсан бусад байгууллага ч хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа юм байна. Эдгээр байгууллага та бүхэнтэй уулзаж, нөхөн төлбөр олгох талаар ч юм уу ярилцаж байсан зүйл байгаа юу?
-Байхгүй. Энэ хэрэг цагдаагийн байгууллага дээр бүтэн таван жил болсон. Тухайн үед хөөн хэлэлцэх хугацаа таван жил байсан юм билээ. Одоо ямар болсныг мэдэхгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусах дөхөж байхад би Улсын ерөнхий прокурорын газарт хүсэлт өгсөн. Гэтэл тэнд миний хүсэлтийг хүлээж авсан хүн нь ганцхан нарийн бичиг нь байсан. Тэр хүн доод шатнаасаа эхэлж, дүүрэгтээ эхлээд өг гэж хэлдэг байлаа. Ер нь Улсын ерөнхий прокурорын газрын үүдэнд байсан бичиг хэргийн ажилтан л энэ асуудлыг шийддэг байсан гэхэд буруудахгүй. Би таван жил ингэж явсан. Маш олон хүсэлт өгсөн. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахын даваан дээр Улсын ерөнхий прокурорын газрын үүдэнд уйлж, орилж, хашхирч байж нэг юм хэдэн шүүгчийн туслахтай уулзсан.
“Та нараас намайг нэг ч шүүгч хүлээж авч уулзсангүй. Би өнөөдөр заавал хэн нэгэнтэй уулзана. Яагаад хүний амь эрсэдчихээд байхад та нар ийм хайнга хандаж байгаа юм бэ” гэж уйлж, хашхирч байж хүсэлтээ хүлээлгэн өгсөн. Ингэж байж хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шүүхэд шилжүүлсэн дээ.
-СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД ГЭХЭД ШҮҮХ ХУРАЛ 16 УДАА ХОЙШИЛСОН-

-Энэ хэрэг яагаад 10 жил болтлоо сунжирсан талаар хохирогчийн хувьд танд ямар нэгэн хардлага байдаг уу?
-Хардлага бий. Эхний таван жилд би Б.Батын өмгөөлөгч н.Цэгмэд гэдэг хүнийг хардаж байгаа. Тэр хүн Цагдаагийн ерөнхий газрын Хяналт, мэдээллийн албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч, хуульчийн шалгалт өгөөд өмгөөлөгч болсон хүн юм билээ. Энэ өмгөөлөгч хэрэгт нөлөөлж, хойш нь сунжруулж чадсан гэж би үздэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад маш олон байцаагч, прокурор солигдсон. Тэр тоог нь ч алдсан. Б.Батын гомдлыг л чухалчлаад байдаг юм шиг санагддаг байлаа. Б.Батын талаас ийм хүсэлт гаргасан, өмгөөлөгч нь тийм хүсэлт гаргасан, хуулийн хугацаа ийм байдаг гээд л хэргийг хойш нь татаж, сунжруулаад байдаг байсан. Сүүлийн гурван жилд гэхэд шинэ өмгөөлөгчтэй болсноос нь хойш шүүх хурал 16 удаа хойшилсон байдаг. Шүүхэд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй хүнийг албадан ирүүлэх эрх мэдэл байдаг юм билээ. Тэр эрх мэдлээ ашиглаад, хохирогч хүн дахин дахин хохирч байгааг харгалзан үзэж, энэ олон жил үргэлжилсэн асуудлыг шийдвэрлэе гэсэн сэтгэл яагаад гаргаж болоогүй юм бол гэж би үнэхээр гайхдаг.
-Шүүх хурал 16 удаа хойшлохдоо ямар шалтгаан хэлж байсан бэ?
-Яллагдагчийн талаас ийм, тийм хүсэлт гаргасан, яллагдагч өөрөө хүсэлт гаргасан, өмгөөлөгч нь хүсэлт гаргасан гэж тайлбарладаг байсан. Эсвэл шинжээчийн аль нэг нь ирээгүй, гэрч ирээгүй, хариуцагчийн өмгөөлөгч ирээгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй гэх мэт янз бүрийн шалтгаанаар хойшилсон.
-Хэрэг удааширч байгааг анхааралдаа авч, шийдвэрлэж өгөхийг хүсэж дээд шатны прокурор болон бусад байгууллагад хандаж байсан уу?
-Би бүр анхнаасаа л хандаж байсан. Таван жил болоход Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн н.Ууганбаяр гэдэг байцаагч манай хэрэг дээр ажиллаж байсан. Тэр хамгийн сүүлчийн байцаагч нь. Түүнээс өмнө таван жилийн хугацаанд олон байцаагчийн гар дамжсан. Би н.Ууганбаяр байцаагчид “Та нар энэ хэрэг дээр ажиллаж чадахгүй юм байна. Би өргөдлөө бичээд хэргийг чинь өөр дүүрэгт шилжүүлье. Хүүхдүүддээ гэрээслэлээ бичээд, талбай дээр би шатаж өгье. Тэгэхгүй бол та нар энэ хэргийг шийдэж чадахгүй юм байна” гэж хэлж байж арай гэж шүүхэд шилжүүлсэн.
Ер нь хууль, хяналтын байгууллагынхан энгийн иргэдийн асуудалд ингэж ханддаг юм уу. Бүр ялзарчихсан юм уу гэж би ойлгохгүй байна. Түүнээс өмнөх долоон жилийн хугацаанд хэчнээн удаа буцаасныг нь ч тоолж мэдэхгүй. Яагаад дандаа буцаагаад байдаг юм бэ. Залхаан цээрлүүлж байгаа юм уу. Хохирогч нь залхаад больчихно гэж боддог юм уу. Эсвэл ямар нэгэн мөнгөтэй хүний нөлөө ордог юм уу. Би энэ хэргээс л харахад манай шүүх, хууль хяналтын байгууллагууд шударга бус ажилладаг юм байна гэж бодсон.
-ШҮҮХ ЭНЭ ХЭРЭГТ “БОРОО БУРУУТАЙ”, ХОЛБООТОЙ БАЙХ ХҮМҮҮС НЬ НАС БАРСАН ХАРИУЦАХ ЭЗЭНГҮЙ ГЭЭД ОХИНЫ МИНЬ ҮХЭЛД ӨӨРИЙГ НЬ БУРУУТГАСАН-
-Сая анхан шатны шүүхээс шийдвэр гаргасан. Тэр шийдвэрийг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Шүүхийн шийдвэр үнэхээр аймшигтай байсан. Миний ийм сайхан охин бусдын буруугаас болж 380 вольтын тогонд цохиулж амь насаа алдсан байхад эцэст нь хэн ч буруугүй гэсэн шийдвэр гаргалаа. Тухайн үед газар чийгтэй байсан, хур бороо орсон гэж тайлбарлаад, тэнгэрийн буруу юм шиг л шийдвэр гаргасан. Дээрээс нь хэрэгт холбогдсон “Содмонгол”, “Электрик ком” компанийн тухайн үед ажил гүйцэтгэж байсан, хариуцаж байсан инженер, техникийн ажилтнууд, захирал болон зарим хүн нь нас барсан учраас хариуцах эзэнгүй гэж үзсэн. Ингээд хэн ч буруугүй гэсэн ийм аймшигтай шийдвэр гаргасан.
Миний охин тэр тог руу өөрөө зориуд очоод цохиулчихсан юм уу. Урьд нь аюултай гэдгийг нь анхааруулж, хэлж ярьж байсан байхад арга хэмжээ аваагүй. Гэтэл шүүхийн эцсийн шийдвэр хүртэл ийм гарч байгаа нь арай дэндүү. Хохирогч өөрөө буруутай, хохь нь гэсэнтэй л адилхан санагдсан. Тухайн үед би шоконд ороод шийдвэрийг ч сайн сонсож чадаагүй. Өмгөөлөгчийнхөө хэлж байгааг ч сонсож чадалгүй, асар хүнд байдалд орсон. Тэгээд муу охины минь үхэлд хэн ч буруугүй болоод, 10 жил хөөцөлдсөний эцэст би ийм шийдвэр сонсоод сууж байна. Бүхэл бүтэн хүний амь эрсэдчихээд, өчнөөн олон хүн буруутай байсаар байтал шүүх яагаад ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ. Үнэхээр хэлэх үг алга. Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Энэ шийдвэрийг сонсох надад асар хүнд байлаа.
-Таны хувьд энэ шийдвэр зөвхөн охины тань амь нас хохирсон хэргийн хариуцлагыг тогтоогоогүйгээс гадна прокурорын ажиллагаанд ч гомдолтой үлдээсэн юм байна. Тийм үү?
-Тийм ээ. Хур бороо буруутай гэсэн шийдвэр гаргахад прокурор ч яллагдагч нарыг бүрэн гүйцэд татаагүй, бидний гомдлыг харгалзан үзээгүй гэж бодож байна. Прокурор яагаад дутуу ажиллачихав аа гэж гомдож байгаа. Би үнэхээр дутуу ажилласан гэж үзэж байна.
-“СОДМОНГОЛ”, “ЭЛЕКТРИК КОМ” КОМПАНИ 10 ЖИЛИЙН ДАРАА ШҮҮХ ХУРАЛ ДЭЭР ХҮЧЭЭР ШАХАМ НАДААС УУЧЛАЛТ ГУЙСАН-
-Шүүх хуралдааны үеэр яллагдагчаар татагдсан Б.Бат болон иргэний хариуцагчаар татагдсан “Содмонгол групп”, бусад байгууллагын төлөөлөл танаас уучлалт гуйсан уу. Шүүх хурал ер нь хэрхэн үргэлжилсэн бэ?
-Шүүх хурал бүтэн найман цаг шахам үргэлжилсэн. Эцэст нь Б.Бат буруугүй гэсэн шийдвэр гаргасан. Хүний гэм бурууг тогтоох ёстой шүүх хурал болох гэж байтал 10 жил өнгөрч, арай гэж нэг юм хуралдсан шүү дээ. Би шүүх хурал дээр “Та нар энэ олон жилийн өмнө надаас ядаж уучлалт гуйчихгүй яасан юм бэ. Тэгсэн бол ингэж 10 жил болтлоо сунжрах байсан ч юм уу, үгүй ч юм уу. Би та нараас хүний мөс чанар, хүний сэтгэл л гуйсан. Ядаж тухайн үед уучлалт гуйж, миний сэтгэлийг жаахан ч гэсэн дэвтээчихгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл би өөрөө гуйж байж л тэр хүмүүсээс уучлалт гуйхтай холбоотой асуудал гарсан уу, үгүй юу гэмээр л зүйл болсон. Хэцүү юм байна. Шүүхийн шийдвэр үнэхээр хатуу байна. Яаж энэ хэрэг шударгаар шийдэгдэх юм бол, би мэдэхгүй байна.
-Одоо танд итгэл найдвар үлдсэн үү. Давж заалдах гомдол гаргах уу?
-Итгэл найдвар үлдээгүй юм шиг л байна. Гэхдээ одоо тэгээд яах вэ дээ. Ямар ч байсан өмгөөлөгчдөө найдаад давж заалдана гэж бодож байна. “Хур бороо буруутай, та охиныхоо зурагтай үлд” гэсэн шиг ийм хатуу шийдвэрийг дахин сонсохгүй байгаасай гэж найдаж байна.
-АСУУДЛЫГ ШУДАРГААР ШИЙДҮҮЛЖ, ӨӨД БОЛСОН ХҮНИЙХЭЭ СҮНСИЙГ АМГАЛАН ТАЙВАН БАЙЛГАХ ТЭР ЦАГИЙГ Л ХҮЛЭЭЖ БАЙНА-
-Охины тань тухай эргэн дурсвал ямар хүүхэд байсан бэ?
-Түр завсарлаж болох уу /уйлав/
-За, тэгье /сур./
-Миний охин багаасаа л сэргэлэн, ямар нэгэн зүйлд хүрэхийн төлөө зүтгэдэг хүүхэд байсан. Нэг юм хийхээрээ заавал үр дүнд хүрэх гэж хичээнэ. Хийж байгаа зүйлээ бусдад тэр бүр хэлэхгүй, үр дүнд хүрснийхээ дараа баяртайгаар мэдэгдэх дуртай. Суръя гэсэн юмаа заавал сурах гэж эрмэлздэг, хийе гэсэн ажлынхаа ард гарч, эцсийг нь үзэж байж нэг сайхан инээдэг тийм л дайчин хүүхэд байсан юм. ОХУ-ын Нежневск хотын Төмөр замын сургуулийг онц төгссөн. Би тэр үед охиноороо маш их бахархаж, баярлаж байсан. Ер нь аливаа зүйлийг эхлүүлсэн бол заавал ард нь гарна гэсэн зүтгэлтэй хүүхэд байсан даа, миний охин.
-Одоо таны хувьд охиныхоо хэргийг шударгаар шийдвэрлүүлэхийн төлөөх тэмцэл цааш үргэлжилнэ. Та хууль, шүүхийн байгууллагад болон энэ хэрэгт холбогдсон хүмүүст юу хэлмээр байна вэ?
-Шүүхийн шийдвэр надад “Охин чинь өөрийнхөө үхэлд буруутай, хохь чинь. Одоо охиныхоо зурагтай үлд, өөр юм хүсээд хэрэггүй” гэж хэлж байгаатай л адил санагдсан. Ганц надад ингэж хандаад байгаа юм уу. Монголын шүүх, хууль хяналтын байгууллагууд иргэдийнхээ амь насанд ийм энэрэлгүй, хатуу ханддаг болчихсон юм уу. Би ойлгохгүй байна. Миний хамгийн сүүлчийн найдвар бол өмгөөлөгч. Та нарт ч бас найдаж байна. Энэ асуудлын цаана ямар ч байсан гармаар байна. Ганцаараа бол би яаж ч чадахгүй юм байна гэдгийг л ойлголоо. Охины минь ясыг өндөлзүүлж, сүнсийг нь тайван байлгахгүй байгаад уучлаарай гэж хэлмээр байна. Одоо охиндоо өөр юу хэлэх вэ дээ.
-Энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, буруутай хүмүүс нь хариуцлагаа хүлээвэл охины тань сүнс амар амгалан болно гэсэн итгэл найдвар танд байгаа болов уу?
-Одоо би энийг л хүсэж байна даа. Монгол хүмүүс ер нь хэзээ үхсэн хүнийхээ ясыг өндөлзүүлж, сүнсийг нь байн байн босгож, өөд болсон хүнээрээ оролддог байлаа. Энэ чинь л оролдож байгаа хэрэг шүү дээ. Монгол хүн хэзээ ч хүний мөс чанаргүй байж болохгүй. Энэ хэрэгт холбоотой бүх хүмүүс өөрсдөө ч эцэг, эх хүмүүс. Тэдний хүүхдүүд, дүү нар ч ийм насны хүүхэд байж л байгаа. Яагаад өөрийнхөө хүүхэдтэй зүйрлүүлж бодож болоогүй юм бэ. Монгол Улсын хууль, шүүх, хууль хяналтын байгууллагууд хэзээ цэвэрших юм бол. Би энэ тогтолцоог бохирдож, бугшиж, бүр ялзарчихсан байна гэж харж байна.
Яагаад зөвхөн миний охин ч биш, хүний амь нас хохирсон бусад хэрэг ч ингэж удааширдаг юм бэ. Би долоон жилийн өмнө Улсын ерөнхий прокурорын газарт очиход хүүхдийнхээ амь насны асуудлыг шийдүүлэхээр есөн жил явсан өвөө, эмээ хоёр байж байсан. Тэр үед би гайхаж байсан. Аль эртнээс ийм муухай байдалтай нийгэмд амьдарч байгаа юм биш үү гэж бодсон. Асуудлыг шударгаар шийдэж, хэрэг явдлынхаа цаана гарч, ядаж өөд болсон хүнийхээ сүнсийг амгалан тайван байлгах тэр цагийг л хүлээж байна даа, эгч нь.