Увс аймагт таван баавгайг аюулгүй болгож, ходоодыг нь задлаж үзэхэд хоосон байсан талаар Увс аймгийн Байгаль орчны газрын дарга Б.Энхтуяа NTV телевизэд ярьсан байна.
Тэрбээр "Аюулгүй болгосон хүрэн баавгайнд задлан хийж үзэхэд ходоод нь хоосон байсан. Тэгэхээр баавгай хоол тэжээлийн дутагдалд орж, ичихэд шаардлагатай идэш тэжээлээ хангаагүйгээс болж суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол ихэсч байгаа. Одоо хүмүүс бид ч идэш тэжээлээ нөөцлөх цаг болчихсон байна. Баавгай бол үнэрч амьтан. 30 гаруй километрээс идэш тэжээлийн үнэрийг мэдэрч ирдэг. Тиймээс өвлийн идшээ бэлдэхдээ өвөлжөөнийхөө ойролцоо гаргахгүй байх. Нядалгаа хийх үедээ малаас гарч байгаа сэвс, нөж, дайвар бүтээгдэхүүнүүдийг аль болох дарж булах шаардлагатай" хэмээн ярилаа.