Улаанбаатар хотын хүн амын дунд 2019–2021 онд хийсэн судалгаагаар хүйтний улиралд тархины харвалтын тохиолдол нэмэгддэг нь тогтоогджээ. Мөн агаарын бохирдол нь харвалтын эрсдэлт хүчин зүйл болдог талаар Анагаах ухааны хүрээлэнгээс мэдээллээ.
Анагаах ухааны хүрээлэнгийн Мэдрэл судлалын секторын эрхлэгч Б.Чимэглхам өвлийн улиралд агаарын бохирдол нэмэгддэг бөгөөд энэ нь тархины харвалтад нөлөөлөх эрсдэлтэйг онцолж, иргэдийг цусны даралтаа өглөө, орой тогтмол хэмжиж, эмчийн зааврын дагуу эмчилгээгээ таслахгүй байхыг зөвлөв. Түүнчлэн Монгол Улсын хүн амын дундах тархины харвалтын өвчлөл, давтамж, нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтыг нарийвчлан тогтоох үндэсний регистр судалгааг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлжээ.
Австралийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг судалгаанд Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн мэдээллийг хамруулж байгаа аж. Урьдчилсан дүнгээр Архангай, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотод тархины харвалтын өвчлөл улсын дунджаас өндөр гарсан байна. Судалгааг бүтэн жилийн хугацаанд үргэлжлүүлж, өвчлөлийг аймаг, сум, насны бүлэг, хүйсээр нарийвчлан тодорхойлохоор төлөвлөжээ. Ингэснээр Монгол Улсын тархины харвалтын талаарх мэдээллийг олон улсын тооцооллоос бус, үндэсний бодит өгөгдөлд тулгуурлан гаргах боломж бүрдэх юм.