Болгарын зүүн хэсэгт байрлах Тракия хурдны замд мягмар гарагт өтгөн манангийн улмаас олон автомашин мөргөлдөж, 12 хүн амиа алдаж, 50 хүн гэмтжээ.
Ослын дуудлагаар цагдаа, гал сөнөөгч, түргэн тусламжийн баг Ямбол хотын ойролцоох А1 хурдны замд очсон байна. Ослын улмаас суудлын болон ачааны автомашинууд мөргөлдөж, зарим нь онхолдож, замын хажуу руу шидэгджээ. Болгарын Дотоод хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Любомир Николов ослын урьдчилсан шалтгааныг өтгөн манан гэж мэдээлсэн байна. Ослын эхлэл автобус болон ачааны автомашин мөргөлдсөнөөс үүдэлтэй гэжээ.
Эрүүл мэндийн сайд Катя Ивкова мэдээлснээр 11 хүн хэргийн газарт, нэг хүн эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барсан байна. Гэмтсэн 50 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Ямбол мужийн захирагч Георги Чалаков Болгарын BTA агентлагт мэдээлэхдээ, осолд нийт 50 орчим автомашин өртсөн гэжээ. Ерөнхий сайд Румен Радев ослыг эмгэнэлт явдал хэмээн тодорхойлж, гэмтсэн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд агаарын хөлөг дайчлан ажиллуулснаа мэдэгдсэн байна. Мөн лхагва гарагийг улсын хэмжээнд гашуудлын өдөр болгон зарлажээ. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен осол болох үеэр Болгарт айлчилж байсан бөгөөд эмгэнэл илэрхийлж, аврах ажиллагаанд оролцсон багийнханд талархал илэрхийлээд айлчлалаа богиносгохоор болсон байна.