Х.Бат-Ялалтын шүүх хурал болно

Х.Бат-Ялалтын шүүх хурал болно

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа. 

Прокуророос Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд  2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон.

Гэвч шүүгдэгч Х.Бат-Ялалтын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Л.Даваасүрэн нар шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт бичгээр ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулаад байсан юм.

Улмаар хурал товлогдсон өдөр Х.Бат-Ялалтын нойр булчирхай өвдсөн гэх шалтгаанаар хурлыг дахин хойшлуулах хүсэлт гаргаснаар хурлын товыг өнөөдрөөр тогтсон юм. Ийнхүү хоёр удаа хойшилсон хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.05.29/ 13.30 цагт болох юм.

Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр өмнөх парламентын үед гишүүн байсан, “Монос”-ын гэх Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон бөгөөд түүнд хууль сахиулах байгууллагаас Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод байгаа юм. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж буй бичлэгийг нийтэд дэлгэхээсээ өмнө уг мөнгийг нэхсэнийг тэрбээр хэвлэлд ярьсан байдаг. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө