УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн 9 нь Х.Баттулгын дэмжлэгтэй нэр дэвшсэн үү

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн 9 нь Х.Баттулгын дэмжлэгтэй нэр дэвшсэн үү

Монголын улс төрийн томоохон хүчин болох Ардчилсан нам 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялагдал хүлээж, тус намын дүрмийн дагуу намын даргын үүрэг дэд даргадаа түр шилжээд буй. 

Тодруулбал, С.Эрдэнэ АН-ын даргын албан тушаалаа АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ асан, УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Ц.Туваанд шилжүүлэн өгсөн. Тэрээр энэ үеэрээ “АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтран нэг баг болж ажиллаж чадаагүйгээс сонгогдох боломжоо алдсан” гэж мэдэгдсэн билээ. 

-2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ УГТАЖ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ХҮМҮҮС АН-ЫН УДИРДЛАГЫГ АВЧ БАЙГАА ЮУ-

Өнөөдөр АН-ын даргын албыг түр орлон гүйцэтгэж буй УИХ-ын гишүүн Ц.Туваан нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай улс төрийн хувьд нэг багийн хүн гэгддэг. Тодруулбал, тэрээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үйлдвэр, хөдөө аж, ахуйн сайдаар ажиллаж байхад нь тус яамны дэд сайдын албан тушаалыг хашиж байсан юм. 

Мөн саяхан АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар П.Нүрзэд гэх залуу томилогдсон байдаг. Тэрээр УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшин өрсөлдөж, ялагдал хүлээсэн. Түүнийг мөн л Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн багийн хүн гэдэг байна. 

Харин энэ долоо хоногт Нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Баттулга “өөрийн хүсэлт”-ээр үүрэгт ажлаа Д.Пүрэвдаваад шилжүүлэн өглөө гэх мэдээлэл гарсан. Баян-Зүрх дүүргийн АН-ын дарга, Засаг дарга асан Д.Пүрэвдаваа нь 2017 оноос хойш Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд, УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, ялагдал хүлээсэн юм. АН дотор явагдаж буй энэ бүх томилгоог зарим эх сурвалжууд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж байна. Учир нь Х.Баттулга ирэх ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшинэ. Иймд тэрээр бэлтгэлээ хангаж байна гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. 

Нөгөөтэй Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд дахин нэр дэвших боломжтой юу гэсэн асуулт гарч ирнэ.

Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 30 дугаар зүйлийн 2-т "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж заасан. Тус заалтаар хуульчид Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй гэж тайлбарлаж буй юм. Учир нь өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс дахин нэр дэвшихгүй гэсэн үг юм. 

-АН-ААС НЭР ДЭВШИН, СОНГОГДСОН УИХ-ЫН 11 ГИШҮҮНИЙ ЕС НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ДЭМЖЛЭГТЭЙ ЮҮ-

Цаашлаад Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын 11 гишүүний ес нь Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгээр нэр дэвших эрхээ авсан гэх яриа тус нам дотор яригдаж байна. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Д.Пүрэвдорж, С.Одонтуяа нараас бусад есөн гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэй УИХ-д нэр дэвшсэн байж болзошгүй байгаа юм. Хэрэв энэ үнэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д “бүлэг” байгуулах хэмжээний өөрийн улс төрийн багийн хүмүүсийг бүрдүүлж чаджээ.