БНСУ-ын хилээр нэвтрэхэд визтэй эсэхээс үл хамааран хил дээрээсээ буцааж байгаа асуудал цөөнгүй гарах боллоо. Хамгийн ноцтой нь хил дээр хүүхдүүдийг хорих, эс бөгөөс асран хамгаалагчийг нь буцаагаад хүүхдүүдийг нь харгалзах хүнгүйгээр хил нэвтрүүлэх зэрэг асуудал гарсан байна. Өмнө нь хоёр настай монгол хүүхэд аавтайгаа хамт томчуудын хорих байранд хоригдож байсан талаар бид мэдээлж байлаа. Үүнтэй адилаар БНСУ-д хүүхдүүдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудал үүссэн байна. Иймд бид хохирогч болсон хүүхдүүдийн эцэг эхтэй ярилцлаа.
ВИДЕО:
-ХҮҮХДҮҮДИЙГ МААНЬ СОЛОНГОСЫН ХИЛ ДЭЭР ГУРАВ ХОНОГ ХОРЬСОН-
БНСУ-ын хил дээр гурав хоног саатуулагдсан хоёр хүүхдийн ээжтэй бид ярилцлаа.
-БНСУ-аас хэзээ ирсэн бэ. Юу болж өнгөрсөн талаар ярихгүй юж?
-Зуны амралт болж байгаа учраас хүүхдүүдээ явуулж, аялуулъя гэсэн зорилготой байсан. Гэтэл ямар нэгэн гэм зэм байхгүй байхад хүүхдүүдийг маань хил дээрээс буцаасан байгаа юм. Иймд энэ сарын 23-ны өдөр хил мэддэг юм чинь гээд эгчтэй хамт ахиад явуулсан чинь хил дээр гурван өдөр саатуулсан байна. Хүүхдүүд маань өчигдөр ирсэн. Энд хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байна шүү дээ. 10, 11 настай хүүхэд ажил хийхгүй шүү дээ. Гэтэл эдийн засгийн хямрал, сэтгэл зүйн хохирол амслаа. Хүүхдүүдийн маань нэг нь гурван жил, нэг нь таван жилийн визтэй байсан. Монголчуудад ийм асуудал их гарч байсан ч гэсэн бага насны хүүхдүүдийг арай ч буцаана гэж бодоогүй.
-Өмнө нь өөр улс руу зорчиж байсан уу? БНСУ хил нэвтрүүлэгүй шалтгаанаа юу гэж тайлбарласан бэ?
-Хил нэвтрүүлээгүй шалтгаанаа огт тайлбарлаагүй. Аяллын маршрут тодорхойгүй байна гэж л үзэж байгаа юм шиг байна лээ. Манай хоёр хүүхэд өнгөрсөн жил Солонгос руу явж байсан. Энэ жил амралтаараа дахин явах гэсэн боловч ийм зүйл болчихлоо.
-Тухайн үед хоригдож байхдаа ямар нөхцөл байдалтай байсан гэж хүүхдүүд нь хэлсэн бэ?
-Олон цагаар хорьж, асуудлыг нь шийдэхгүй удсан. Тэгээд хоол муутай, өдөрт нэг цаг агаарлуулдаг тийм л орчинд байсан. Ямар нэг гэм хийсэн биш шүү дээ. Тэгж хоригдох ёсгүй. Монголоос өдөр бүр л хил дээрээс буцаагдаж байгаа хүмүүс байна.
-Хүүхдүүдийнх нь сэтгэл зүй одоо ямар байгаа бол?
-Хамгийн гол нь зуны амралтаараа улс орон үзье, аялъя гээд маш өндөр сэтгэгдэлтэй явсан ч тэнд очоод хоригдоод ирэхэд хүүхдүүдийн сэтгэл санаанд маш хүнд туссан.
-Тухайн улсад байгаа ЭСЯ зэрэг газарт хандаж, холбогдох албан тушаалтнуудтай холбоо барьсан уу?
-Гадаад харилцааны яаманд өргөдөл өгсөн. Энэ талаар асууж лавлаад хариу хэлнэ гэсэн. Элчин сайдын яам нь виз олгох талаараа л шийддэг болохоос биш хил дээрээс буцаж байгаа асуудлыг мэдэхгүй гэх хариултыг өгсөн. Энэ асуудалд Монгол Улсын Засгийн газар анхаарал хандуулах хэрэгтэй байна. Үгүй бол ямар байгууллагад хандах нь тодорхойгүй байгаа юм.
-ХҮҮХДҮҮДИЙГ МААНЬ ХАРГАЛЗАХ ХҮНГҮЙГЭЭР ХИЛ НЭВТРҮҮЛЭЭД ЭЦЭГ ЭХИЙГ НЬ ХИЛ ДЭЭРЭЭ БУЦААСАН-
БНСУ-ын хилээр нэвтрэх гэсэн боловч өөрсдийг нь нэтрүүлээгүй бөгөөд бага насны гурван хүүхдийг нь харгалзах хүнгүйгээр хил нэвтрүүлсэн байна.
-Таны хувьд хил дээрээс буцаагдсан байна. Тухайн үед юу болсон бэ?
-Хоёр ачтайгаа, өөрийнхөө төрсөн охинтой тавуулаа тав хоног аялах гээд явсан. Гэтэл очингуут манай гурван хүүхдийг цааш нь оруулаад бид хоёрыг буцаачихсан. Хамгийн гол нь тэр улсын хил дээр хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байна. Юу ч мэдэхгүй, 9 настай, 10 настай, 15 настай гурван хүүхдийг оруулчхаж байгаа юм. Солонгост байдаг оюутан дүү рүүгээ ярьж байж хилийн цаанаас цагийн дараа ирж авсан.
-Та хоёрыг яагаад хил нэвтрүүлээгүй юм бол?
-Бид хоёрыг олон удаа Солонгос явж байсан, сүүлийн удаа явахдаа 60 хоног байж, ажил хийсэн гэсэн шалтгаанаар буцаасан. Солонгосын хил дээр орчуулаад байгаа хүмүүс юу ч гэж хэлдэг юм мэдэхгүй. Хилийн наана, цаана хүүхдүүд уйлалдаад байхад л Солонгосчууд огт тоохгүйгээр хүүхдүүдийг маань цааш нь түлхээд оруулчихсан. Нөхөр бид хоёр Монголчууд байгаа газар нь нэг хоночхоод л наашаа ирсэн. Тэнд байхдаа Р.Булгамаа өмгөөлөгчтэй ярьж, энэ хүн маань н.Батжаргал гэх хүнтэй холбож өгсөн. Тэнд асуудал үүссэн талаар асуухад өмнөөс Солонгосоор яриад байсан.
Тэгээд хил нэвтрэлцэхгүй учраас бүтэхгүй юм байна гээд бид хоёр нааш ирсэн юм. Гурван хүүхэд маань урд шөнө ирсэн. Бид Монголын хилээр гарахдаа асран хамгаалагч нь гээд мэдүүлээд гарч байхад нааш ирэхэд хүүхдүүдээ яасан гэж юу ч асуухгүй байгаа юм. тэр их сонин санагдсан.
-Хүүхдүүд нь ямар нөхцөл байдалтай байж байгаад ирсэн бэ?
-Тэнд манай танил оюутан хүүхдийнд байж байгаад ирсэн. Мэдээгээр хэлцэл хийж байгаа гэсэн зүйл гараад л байдаг. Гэтэл хэрэгждэггүй л юм байна шүү дээ. Монголчууд маш их буцаж байна лээ. Энэ асуудлыг сайн яримаар байна. Хүүхдийн эрх л тэнд бүр ноцтой зөрчигдөж байна. Манай Монголчуудыг их дорд үздэг юм байна лээ.
-Хүүхдүүд нь эгч дээрээ очтол ямар нөхцөл байдалтай байсан бэ?
-Мэдэхгүй. Манай дүүгийн хэлж буйгаар уйлчихсан, гурвуулхнаа сууж байсан гэсэн. Тэр үед маш их усан бороо орж байсан учраас би бүр унтаж чадаагүй шүү дээ. Тэгээд өглөө нь Р.Булгамаа өмгөөлөгчтэй холбогдоод ирсэн.
-Хүүхдүүдийнх нь сэтгэлзүй ямар байна вэ?
-Ямар л олиг байх вэ. Гоё юм үзнэ гээд явсан хүүхдүүд очоод нэг байранд тав, зургаа хоноод ирсэн байна лээ.
-ЭНЭ АСУУДЛААР ХҮНИЙ ЭРХИЙН КОМИССТ ХАНДЛАА-
Энэ асуудлаар бид өмгөөлөгч Р.Булгамаагаас зарим зүйлийг тодруулсан юм.
Тэрбээр, "Нас биед хүрсэн хүмүүсийн тухайд бид их уян хатан хандаж байгаа. Гэтэл хүүхдүүдийн эрхэнд халдаж байгаа явдал нь ноцтой асуудал байна гэж үзээд Хүний эрхийн комисст хандлаа. Улмаар хил дээр хоёр шөнө гурван өдөр байж байгаад ирсэн хүүхдүүдтэй уулзаж, нөхцөл байдлын талаар асуулга асууж, тэмдэглэж авсан байна. Хил нэвтрүүлээгүй шалтгаанаа “таны аяллын маршрут ойлгомжгүй байна. Таныг нэвтрүүлэхгүй” гэдэг байдлаар хандсан байна.
Тэгээд би тийшээ явна, тийшээ явна гэж тайлбарласан боловч, таныг нэвтрүүлэхгүй гэсэн байна. Саатуулах байранд эрүүл ахуй, эрүүл мэнд болон бусад нөхцөл байдлыг хангахгүй байсан талаар хүүхдүүд хэлсэн.
Эрэгтэй, эмэгтэйг нь хамт оруулсан байна. Өдөрт нэг цагийн хугацаатай салхилах боломжтой байсан байна. Мөн хоол хүнсний дутагдалтай байсан талаар хүүхдүүд ярьж байна. Ямар ч тохиолдолд хүүхдийг асран хамгаалагчгүйгээр аль нэг улсын хил нэвтрүүлнэ гэдэг бол зарчимгүй асуудал. Энэ нь олон улсын гэрээ конвенцэд ч заасан байгаа шүү дээ. Мөн хүүхдийг харгалзах хүнгүйгээр саатуулах байранд байлгана гэдэг чинь ямар зүйл вэ. Хүний эрхийн комисс нэгдүгээрт энэ нөхцөл байдал дээр дүгнэлт гаргаж өгөх хэрэгтэй. Мөн тухайн хил дээр хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг иргэд хөндөөд байна. Тэгэхээр үүнд тулгуурлаж Солонгосын хүнхий эрхийн байгууллагад мөн хандах хэрэгтэй. Түүнчлэн олон улсын байгууллагад энэ асуудлын талаар мэдүүлж өгөөч гэж байгаа юм" гэлээ.