С.Эрдэнэболд: С.Гончигсумлаа гуайн тухай зохимжгүй жишээ татжээ. Уучлалт хүсч байна

С.Эрдэнэболд: С.Гончигсумлаа гуайн тухай зохимжгүй жишээ татжээ. Уучлалт хүсч байна

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн С.Эрдэнэболд нэгэн хэвлэлд Төрийн шагналт, УГЗ, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн тухай ярихдаа "Манай өвөөгийн хонийг хариулж явсан" хэмээн хэлсэн нь олны шүүмжлэлийг багагүй дагууллаа. 
 
Тэгвэл олны шүүмжлэлд өртсөн С.Эрдэнэболд болгоомжгүй үг алдсандаа уучлал хүсчээ.
 
Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Санаачилж буй төсөлтэй маань холбоотойгоор 25 дугаар суваг телевизийн Танайд хоноё нэвтрүүлэг санал тавьсан юм. Бурхан бүтээж, хөгжим урладаг өвөг дээдсийнхээ хэлмэгдэж явсан тухай ярих явцдаа Монголын хөгжмийн нэрт оргил С.Гончигсумлаа гуайн тухай зохимжгүй жишээ татжээ. Яг тэр хэсгийг нь үзсэн хүмүүсийн эгдүүцэл төрөхөөр болсон байна. Үүндээ чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Өөрийн дотор байдаг хүнээс тэс өөрөөр ойлгогдох алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч дахин давтахгүй байхыг хичээнээ. Шүүмж, сэтгэгдлээ бичсэн хүмүүсийг ойлгон хүндэтгэж буйгаа энэ дашрамд илэрхийлье" хэмээжээ.