СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Самар түүж яваад хоёр иргэн сураггүй алга болжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Самар түүж яваад хоёр иргэн сураггүй алга болжээ

Энэ жил хуш модны самар элбэг байгаа ч технологийн дагуу түүж, боловсруулахыг зохих төрийн байгууллагаас анхааруулж бий. Харин самар түүхээр багагүй иргэд ууланд байгаа бололтой. Тухайбал ийнхүү яваад иргэд сураггүй алга болсон тохиолдол Хөвсгөл, Булган аймагт гарсан байна.

ТУХАЙЛБАЛ,

"Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн Хагархайн таг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 220 км-т, сумын төвөөс зүүн зүгт 46 км-т/ Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат иргэн М /33 настай, эрэгтэй/ 09.11-ний өдөр самар түүж байхдаа ойролцоох отгоос тамхи авахаар явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 09.15-ны өдрийн 10:26 цагт хүлээн авсан. Тус багийн дарга Э.Одгаригаар ахлуулсан иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Орхон аймгийн харьяат иргэн Л /59 настай, эрэгтэй/ 09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид мөн өдрийн 19:55 цагт очиж, 09.16-ны өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн" гэж ОБЕГ-аас мэдээлжээ.