Өвөр монголд БНХАУ цэргийн бааз барьсан нь ил болжээ

Өвөр монголд БНХАУ цэргийн бааз барьсан нь ил болжээ

БНХАУ “дахин боловсрол олгох хуаран” гэх нэрийдлээр Уйгур, Шинжаан, Киргиз гэх мэт үндэстний цөөнхийг хорьж буй талаар нууц баримтууд сүүлийн хэдэн жилийн турш ил болсоор байгаа.

Энэ талаар тус улсын Засгийн газар няцааж, эдгээр төвийг Шинжааны иргэдэд мэдлэг, боловсрол олгох, терроризм, шашны экстремист үзлийн аюулыг ойлгуулах зорилготой гэж тайлбарлан, дахин боловсрол олгох хуарангуудыг буулгаж эхэлсэн хэмээн мэдэгдсэн ч судлаачид хуарангийн тоо улам нэмэгдэж буйг илрүүлсэн юм. Тэгвэл тус улсын Засгийн газраас Өвөр монголд цэргийн цогцолбор барьсан талаар судлаачид хиймэл дагуулын зургаар нотолжээ.

Энэ тухай “Bloomberg”-т “Хятад Тайванийг эзэлбэл юу болох вэ” хэмээх нийтлэлд ч мөн дурдсан байна. Тус нийтлэлд “есдүгээр сарын 29-нд авсан хиймэл дагуулын зурагт харагдаж буй байр нь Өвөр монгол дахь Хятадын цэргийн сургуулийн бааз бөгөөд Тайванийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын байрыг хуулбарлан барьжээ” хэмээн бичсэн байв.

Сүүлийн жилүүдэд БНХАУ Уйгур, Шинжаан гэх мэт үндэсний цөөнхийг “дарах”, “уусгах” бодлогыг илт баримтлах болсон.  Энэ бодлого Өвөр монголын өөртөө засах оронд ч хаяагаа тэлж, өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр хос хэлний боловсрол олгох нэрийдлээр “монгол бичгийг халах” шийдвэр гаргасан. Үүнийг эсэргүүцсэн иргэд хүчтэй жагсаал, цуглаан зохион байгуулж, дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан.

Үүний улмаас есөн хүн Хятадын засгийн газрын шахалтад орж амиа хорлосон талаар Нью-Йоркт байрладаг Өмнөд Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төв мэдээлсэн. Түүгээр ч зогсохгүй Хятадын Засгийн газраас хэлний бодлогыг эсэргүүцсэн иргэдийг мөрдөж, хариуцлага тогтоох үйл ажиллагаа одоо ч явуулсаар байгаа талаар иргэд нотолсон юм. Ийнхүү Өвөр монголд цэргийн баазаа байгуулсан нь дахин жагсаал цуглаан эрчимжихээс сэргийлж байгаа хэрэг бололтой.

Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Өвөр монголд байгуулсан цэргийн баазын хиймэл дагуулын зураг

Шинжааны хорих лагерын хиймэл дагуулын зураг

Эх сурвалж: Bloomberg