БАРИМТ: ЕБС-ийн сурагч утасны цаанаас бусдыг залилсан мөнгөөрөө мөрийтэй тоглодог байжээ

БАРИМТ: ЕБС-ийн сурагч утасны цаанаас бусдыг залилсан мөнгөөрөө мөрийтэй тоглодог байжээ

Сүүлийн үед иргэдийн дунд цахим хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор кибер гэмт хэрэг болон сүлжээ, бизнесийн луйвар ихээр гарах болсон билээ. Манай Улсын хувьд цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд харьцангуй өссөн үзүүлэлттэй байгаа нь цахимжсан өнөөгийн нийгэмд хэн бүхэн аюулд өртөх магадлал өндөр болж байгааг харуулсаар байна. Утасны цаанаас үл таних хүмүүстэй холбогдон цаашлаад аман яриа хэлэлцээр хийснээс үүдэн олон иргэд мөнгө санхүү, сэтгэл санаагаараа хохирох тохиолдол гарах болсон.

Тухайлбал, хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд байр түрээслэх болон худалдан авах хэрэгцээ үүсдэг. Харин иргэдийн энэхүү хэрэгцээн дээр тулгуурлан залилан, мэхлэх гэмт хэрэг ихээр гарах болоод байна. Энэ удаад бид иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс бусдыг залилан, мөнгө олж түүгээрээ мөрийтэй тоглоом тоглодог нэгэн сурагчийн талаар мэдээлэл бэлдлээ.

-ИРГЭН 18 НАСТАЙ, ЭМЭГТЭЙ А НЬ ТАКСИНЫ ЖОЛООЧДЫН
БАНКНЫ КАРТ БОЛОН УТАСНЫ ДУГААРЫГ АШИГЛАН
ЗАЛИЛСАН МӨНГӨӨ АВДАГ БАЙЖЭЭ-

Иргэн 18 настай, эмэгтэй А нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд бусдыг залилж нийт 20 гаруй сая төгрөгний хохирол учруулжээ.

Тодруулбал, фейсбүүк хуудсаар “байр хямд түрээслүүлнэ” гэсэн зар бичиж хүмүүсийг залилдаг байна.

Тэрээр 3-4 өрөө байр хямд үнээр түрээслүүлнэ, бүрэн тавилгатай гэх утгатай зар бичиж олон нийтийн сүлжээнд тавидаг ба зарын дагуу холбогдож, очиж үзэх хүсэлтэй иргэдэд “маш олон хүн түрээслэе гэж ярьж байна. Тэгэхээр та эхлээд мөнгөө хийчих. Дараа нь цаг тохироод уулзаж, үзүүлье” гэж  хэлдэг аж. Иргэд ч үүнд нь итгэн мөнгөө шилжүүлдэг бөгөөд удалгүй хуурамч хаяг болохыг нь мэддэг байна. Иргэн А бусдыг залилж, мөнгө авахдаа өөрийн нэр дээр бүртгэлтэй дансыг огт өгдөггүй бөгөөд өөрийнхөө дугаарыг ч ашигладаггүй байна. Харин гаднаас дурын такси барин “ах аа, та таксинд яваад өдөрт хэдэн төгрөг олдог юм.  Би нэг өдрийн чинь түрээсийг төлье”  хэмээн өдөржин ажлаа амжуулаад эцэст нь тухайн таксины жолоочийн картыг ашиглан залилсан мөнгөө авдаг байна.

Мөн таксины жолоочдоос гуйж нэр дээр нь дугаар авхуулан, тэрхүү дугаараараа хүмүүстэй холбогдон, бусдыг залилж байсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Цагдаагийн байгууллага иргэдээс өгсөн гомдлын дагуу уг хэргийн мөрөөр орж шалгах явцад тухайн этгээдийг олоход хүндрэлтэй байсан бөгөөд ашигласан дугаар болон дансны дугаараар нь хайж үзэхэд зөвхөн үйлчлүүлж байсан таксины жолоочид л олдож байжээ.

-ТУС СУРАГЧ УЛААНБААТАР ХОТЫН ГУРВАН ДҮҮРЭГТ НИЙТ 172 УДААГИЙН ҮЙЛДЭЛТЭЙ ГЭМТ ХЭРЭГ ХИЙЖ, БУСДЫГ ЗАЛИЛЖЭЭ-

Одоогоор тус хэрэг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа бөгөөд иргэн 18 настай А нь Улаанбаатар хотын гурван дүүрэгт нийт 172 үйлдэлтэй гэмт хэрэг үйлдсэн байна. Иргэн А нь зарим тохиолдолд хичээлээ олон хоногоор таслах, мөн гэртээ ирэлгүй 3-4 хоног болдог зэрэг мэдээллийг албан бус эх сурвалжууд мэдээлж байна.

Түүнчлэн бусдыг залилж, олсон мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглодог байсныг нь цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тэрээр байршил сайтай газар, тавилгатай 3 өрөө байрыг 400-500 мянган төгрөгөөр түрээслүүлнэ гэх зарыг оруулдаг бөгөөд өдөрт 2-3 хүнийг дээрх байдлаар залилж нэг сая гаруй төгрөгийг эргэлдүүлдэг байна. Мөн энэхүү зараа фейсбүүк хуудсанд ихээр тараахаас гадна нэр бүхий томоохон зарын сайтад давхар оруулснаар залилан, мэхлэх гэмт хэргийн хохирогчдын тоо улам нэмэгддэг ажээ.

18 настай арван жилийн сурагч охины хувьд энэхүү гэмт хэрэг нь олон үйлдэлт буюу нийт 172 удаагийн үйлдэлээр нотлогдсон нь яллах дүгнэлт үйлдэхэд томоохон баримт болж Иргэн А нь гэртээ ээж болон дүүгийн хамт амьдардаг бөгөөд ар гэрийн хараа хяналт сул, ээжтэйгээ таарамж муу цаашлаад хичээл сурлагадаа сонирхолгүй байх зэрэг нь гэмт хэрэг үйлдэх үндсэн шалтгаан болсон байж болзошгүй байгаа юм.

-ЗАЛИЛАН МЭХЛЭХ ГЭМТ ХЭРЭГ НЬ ХҮНИЙ САНААТАЙ ҮЙЛДЛЭЭР ХИЙГДДЭГ БӨГӨӨД ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗҮЙЛ ЗААЛТААР ЗОХИЦУУЛАГДДАГ-

Залилан мэхлэх гэмт хэрэг гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл 17.3.1-т хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг ойлгоно. Харин уг гэмт хэргийг үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Залилан мэхлэх гэмт хэрэг нь хүний бодитой болон санаатай үйлдлээр хийгддэг бөгөөд энэ нь эрүүгийн хууль зааснаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд олж авсан итгэлийг урвуулан ашиглаж, хуурч мэхлэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авдаг. Мөн аливаа иргэний өмчлөл эзэмшилд байгаа мөнгө, эд зүйлийг авахын тулд биелэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэх, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдөлд оруулах үйлдлийг залилах гэмт хэрэг гэж энгийн байдлаар тайлбарлаж болно.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө