Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэх хугацааг хойшлууллаа

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэх хугацааг хойшлууллаа

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг наймдугаар сарын 09-ний өдрийг хүртэл тогтоохоор болов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт "Гишүүдээс өргөн мэдүүлсэн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж эхлээд байгаа. Хэлэлцүүлгийг хоёр дахь шатанд Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод, ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 69 санал гаргаснаас 60 саналаар нь санал хураалт явуулаад байна. Энэ хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, энэ талаарх үндэслэл, тайлбараа чуулганы нэгдсэн хуралдаан дээр илэрхийлсэн. Иймээс үүссэн шинэ нөхцөл байдалтай уялдуулан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан талаар гишүүдэд танилцуулсан юм.  

 Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг судалж боловсруулах, саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх шаардлагатай байх тул Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тогтоохоор тусгажээ. Мөн уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлтэй нийцүүлэн аль аль заалтыг нь авч үзэж боломжтой эсэхийг судлах, төслийг олон нийтэд тайлбарлаж таниулах, санал авах хэлэлцүүлэг өрнүүлэх үүднээс гишүүдийг тойрогтоо ажиллах боломж бололцоог хангахаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тогтоохоор төсөлд тусгасан.

Ингээд гишүүдийн гаргасан саналын дагуу Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тогтоохоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь буюу 90.9 хувь нь дэмжив. Мөн уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахыг гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.




Өнөөдөр бич өдөр

45 минутын өмнө