Т.Бат-Очир: "Хүүхдийн төлөө фонд" ТББ-ын мэдэлд байх ёсгүй. Бидний патентыг хулгайлж байна

Т.Бат-Очир: "Хүүхдийн төлөө фонд" ТББ-ын мэдэлд байх ёсгүй. Бидний патентыг хулгайлж байна

Соёлын яамны санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ыг 48 жилийн дараа дахин байгуулж анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг хуучин оны заагт /2020.12.30/ зохион байгуулсан билээ. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хөрөнгө цуглуулах Монгол туургатан уран бүтээлчдийн цахим тоглолтын хандивын дансанд 2 тэрбум 222 сая төгрөг цугларсан.

Төрийн тэргүүнүүд хүртэл “Хүүхдийн төлөө фондыг он солигдох мөчид дахин байгуулсандаа баяртай байна” хэмээн мэдэгдэж байв.

Гэтэл Хүүхдийн төлөө фондыг сэргээх ажлыг “Монголын саран ээж нийгэмлэг” бүр 2012 онд санаачилж, 8 жилийн турш эрх баригчдад удаа дараа шантралгүй хандаж, санал хүсэлтээ илгээж байжээ. Гэтэл энэ 8 жилийн хугацаанд чимээгүй байсан Засгийн газар фондыг сэргээх шийдвэрийг тус нийгэмлэгээс ангид гэнэт зарлаад зогссонгүй, Соёлын яамны дэд сайд тэргүүтэй хүмүүс ТББ байгуулж, иргэдээс хандив авсан нь олны шүүмжлэлийг дагуулав. Үүний ард хэн нэгэн эрх мэдэлтнүүдийн ашиг хонжоо, нэр төр олж авах гэсэн далд санаа ч байж болзошгүй гэж зарим иргэн үзэж буй. Тэгвэл бид энэ асуудлаар Хүүхдийн төлөө санг сэргээх энэ ажлыг найман жилийн турш гар бие оролцож, “хөөцөлдөж” буй Монголын саран ээж нийгэмлэгийн Ерөнхий менежер Т.Бат-Очир гуайтай ярилцлаа.  

Т.Бат-Очир гуай

-СОЁЛЫН САЙД С.ЧУЛУУН ОГТ ХАМААРАЛГҮЙ ЗҮЙЛД ГАР ДҮРЖ, ДЭД САЙД НЬ ТББ БАЙГУУЛСАН НЬ ҮҮНИЙ ЦААНА АШИГ ХОНЖОО БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА-

-Шинэ оны босгон дээр “Хүүхдийн төлөө фонд” гэдэг зүйл дуулиан шуугиантайгаар гэнэт гарч ирсэн. Олон хүн энэ фондыг өмнө нь байсан талаар мэдэхгүй байгаа нь харагдаж байлаа. Тэгэхээр хоёулаа яриагаа “Хүүхдийн төлөө фонд” гэж чухам юу болох, хэзээ бий болсон, ямар чиг үүргээр байгуулагдсан талаар эхлүүлэх нь зүйтэй болов уу? 

-Хүүхдийн төлөө фондын суурь анх 1972 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тавигдсан гэж хэлж болно. Үүнээс өмнө Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-аас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар Г.Мандах гэж хүн “Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриатай нэг өдрийн “субботник” орон даяар зохион байгуулах санааг гаргаж байсан юм. Өөрөөр хэлбэл орон даяар аж ахуй нэгж байгууллагын ажилчид нэг өдрийн цалингаа хандивласнаар фонд санхүүжиж сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт хүүхдийн төлөө ажиллах бүхий л байгууллагыг барьж, босгох санаа байсан. Энэхүү санаачилгыг төр засгаас дэмжиж Хүүхдийн төлөө фондын суурь нь тавигдаж байсан түүхтэй. Яваандаа “Хүүхдийн төлөө сан” болж өөрчлөгдсөн. 

-Тэгвэл танай байгууллагын зүгээс Хүүхдийн төлөө сан гэдэг нэршлээр нь сэргээх санаачилга гаргаж, хүсэлтээ удаа дараа эрх баригчдад илгээсэн гэсэн үг үү? 

-Тийм. 2006 онд УИХ төрийн тусгай 29 сангаас ганцхан Хүүхдийн төлөө санг хасаж орхисон. Харин бидний зүгээс “өмнө нь байсан зүйлийг буцааж сэргээе, фонд хэлбэрээр биш сан болгож ажиллуулъя” гэсэн санааг одоогоос 9 жилийн өмнө буюу 2012 онд гаргаж, өнөөг хүртэл хөөцөлдсөөр ирсэн. Ерөнхий сайд Монголын Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дарга гэдэг давхар албан тушаалыг давхар хашдаг.

Иймээс сэргээн байгуулсан санг Ерөнхий сайдын мэдэлд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/-ны харьяа, УБТЗ-ыг түшиглүүлэн байгуулъя гэдэг саналыг тусгасан.

Мөн Хүүхдийн төлөө сангийн удирдах зөвлөл гэж байгуулна. Энэхүү зөвлөлд ТББ, төр засаг, эцэг эх, тэр байтугай хүүхэд, оюутан гэх мэт бүлгийн төлөөлөл хүртэл багтаж, орон тооны бусаар ажиллана гэдэг саналыг бид давхар оруулсан. 

Хүүхдийн төлөө сан байгуулах түүний төслүүд

-9 жил гэдэг урт хугацаа шүү дээ. Энэ хооронд УИХ, Засгийн газрын ямар, ямар субъектэд саналаа явуулсан бэ?

-Хамгийн анх УИХ-ын гишүүн асан Д. Оюунхоролд хүсэлт гаргаж, бичиг баримтуудаа явуулж байсан. Үүний дараагаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ХНХЯ-ны сайд асан С.Чинзориг, Я.Санжмятав, одоогийн сайд А.Ариунзаяа, ХНХЯ-ны дэд сайд асан С.Мөнгөнчимэг, БОАЖ-ын яамны сайд Д.Сарангэрэл гээд шат шатны холбогдох хүмүүст удаа дараа бичиг, баримтуудаа явуулсан юм. Ерөнхий сайдад албан бичгээр болон хувийн захидал ч илгээсэн. Д.Сарангэрэл сайд бидний хүсэлтийг хүлээн авч тухай хоёр ч удаа хариу өгсөн. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хариу өгсөн. Харин УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг МУ-ын анхны эмэгтэй дэд дарга, эх хүн гэдэг утгаар нь өнгөрсөн есдүгээр сард албан бичгээ явуулсан ч нэг ч удаа хариу өгөөгүй.

-Танай байгууллагын зүгээс бүхэл бүтэн 9 жил энэ ажлыг хөөцөлдөж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хүртэл хандаж байсан юм байна. Гэтэл Засгийн газрын эрх бүхий субъектүүд өөрсдөө санаачилсан мэтээр нийтэд зарласан шүү дээ. Ер нь Хүүхдийн төлөө фонд сэргээх гэж байгаа талаар танайд урьдчилж мэдэгдсэн үү? 

-Юу ч хэлж мэдэгдээгүй. Эхэндээ ХНХЯ-аас “Та нарын асуудал шийдэгдсэн шүү” гэсэн. Гэтэл хэд хоногийн дараа гэнэтхэн л фонд болж өөрчлөгдөж, ТББ хүртэл байгуулчихсан байсан. Удалгүй хандивын тоглолт зохион байгуулж, ТББ-ын данс руу мөнгө урсаж эхэлсэн. Энэ талаар сонсоод би харвахаа шахаж тоглолт болдог шөнө /2020.12.30/ унтаж ч чадаагүй. Үнэхээр ингэх байсан юм бол энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө бидэнд мэдэгдэж, манай төлөөллийн санал бодлыг сонсох байсан ёстой шүү дээ. Хүүхдийн төлөө фонд ТББ-ын мэдэлд байх ёсгүй. Төр дагасан “сан” байх ёстой. 

СОНСОХ:

-Хүүхдийн төлөө фондыг Соёлын яам санаачилж, ТББ-ыг Соёлын дэд сайд М.Батбаяр, “Херо энтертайнмент"-ийн найруулагч Б.Баатар, "Sound of Mongolia" продакшны захирал Х.Дамдинсүрэн нар байгуулсан шүү дээ. Та үүнийг юу гэж харж байна. Соёлын яам үнэхээр хүүхдийн фондыг хариуцах ёстой байгууллага мөн гэж үү? 

-12 дугаар сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн газраас гэрчилгээгээ авсан байсан. Ингэхдээ хувьцаа эзэмшигч гэдгээр өөрсдийнхөө нэрийг оруулсан байна лээ. Нэгдүгээрт, хүүхдийн эрх ашгийг хамгаалах газар бол Соёлын яам биш, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам. Гэтэл Соёлын сайд С.Чулуун огт хамааралгүй зүйлдээ гар дүрж буй нь үүний цаана ашиг сонирхол байгаа гэдгийг харуулж байна. Хоёрдугаарт, дэд сайд нь өөрөө хууль зөрчлөө. Хуульд ТББ-ын хандив өргөх ажлыг Засгийн газрын аль нэг хүн дэмжиж болохгүй буюу хориотой гэж заасан байдаг.

Гэтэл “Хүүхдийн төлөө фонд” гэдэг ТББ байгуулж, иргэдээс мөнгө цуглуулсан. Хувьцаа эзэмшигч болж байна гэдэг бол ашиг харсан л зүйл шүү дээ. Найруулагч Б.Баатар үүнийгээ “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвшөөрсөн” гэж хэлсэн.

Бид бүхэл бүтэн найман жил хөөцөлдөж, шат шатны олон хүнд бичгээр болон амаар хүсэлт гаргахад хүлээж аваагүй хэрнээ, тэдний саналыг ийм л амархан зөвшөөрчихлөө.

Дөнгөж 12 дугаар сарын 17-нд ТББ байгуулчхаад 13 хоногийн дараа хуримтлал цуглуулах үйл ажиллагаа явуулсан. Тэгчхээд үүнийгээ “түр байгуулсан юм” гэж тайлбарлаж, бидний патентыг хулгайлах гэж дайрч байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулгаас илгээсэн илгээлт

-ЯАРЧ, САНДРАН ФОНД БАЙГУУЛАХ БОЛСОН НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨ ХИЙЖ БУЙ АЖИЛ-

-ХНХЯ энэ асуудал дээр хамгийн чангаар дуугарч байр сууриа илэрхийлэх ёстой байсан юм шиг санагдаж байна? 

-ХНХЯ-ны харьяанд Гэр бүл хүүхэд Залуучуудын хөгжлийн газар байдаг. Энэ байгууллага ч гэсэн хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй шүү дээ. Засгийн газрын хурал дээр Соёлын яам Хүүхдийн төлөө фондыг сэргээнэ гэхэд А.Ариунзаяа сайд нэг ч үг дуугараагүй. Мэргэжлийн яам нь өөрсдөө дуугүй суусаар ажлаа булаалгачихлаа. Соёлын яам өөрт ямар ч хамааралгүй ажилд оролцож ТББ байгуулсан нь яах аргагүй С.Чулуун сайдын мөнгөний сонирхол. Хуульд хүртэл хүүхдийг эрх ашгийг хамгаалах нь ХНХЯ-ны тэргүүлэн хийх ажил гэж заасан байдаг шүү дээ. С.Чулуун сайдаас Хүүхдийн төлөө фондын түүх байтугай, өмнө нь хаана байрлаж үйл ажиллагаа явуулдаг байсан бэ гэж асуувал мэдэх ч үгүй. С.Чулуун сайд, Б.Баатарт биднийх шиг судалгаа, удаан хугацаанд боловсруулсан дүрэм юу ч байхгүй.  

-Найман жил ярьсан асуудлыг шинэ оны босгон дээр гэнэт л өөрсдөө санаачилсан мэтээр гаргаад ирлээ. Та үүнийг сонгуультай холбоотой гэж харж байна уу? 

Бид Ерөнхийлөгч Х.Баттулгад баримт бичгээ бүр 2019 онд илгээж байсан. Үүний дагуу  2019 оны тав дугаар сард хариу ирсэн. Тус хариунд “Бүхнийг хүүхдийн төлөө уриатай Монголын хүүхдийн фондыг дахин сэргээж, “Хүүхдийн төлөө сан” болгож, Монголын төр засаг болон бүх нийтийн үйлс хэлбэрээр ажил болгох санал гаргасанд нэн талархалтай байна” гэж бичсэн байдаг. Мөн дээр дурдсанчлан У.Хүрэлсүх сайдад хувийн захидал ч явуулж, хариу авсан. Гэтэл гэнэтхэн л яарч, сандран фонд байгуулах болсон нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийж буй ажил гэж харж байна. 

Төрийн өндөрлөгүүдэд илгээсэн түүний захидлууд

-Саран ээж нийгэмлэгийн зүгээс Хүүхдийн төлөө санг ямар үндэслэлээр байгуулах санаачилга гаргасан юм бэ. Та сая бидэнд удаан хугацаанд боловсруулсан дүрэм бий гэж ярьсан шүү дээ. 

-Бид Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулахдаа 8 зүйлийг үндэслэсэн. Нэгдүгээрт, Төмөр замаас эхэлсэн санаачилга буюу орон даяар нэг өдрийн “субботник” хийх ажлыг сэргээх. Сая хэлсэнчлэн орон даяар ААН-үүдийн ажилчид нэг өдрийн цалингаа хүүхдийн төлөө хандивлах өдөр болгох юм. Хоёрдугаарт, өмнө нь хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байсан сургууль, эмнэлэг гэх мэт газруудын барилгуудыг буцааж авах. Хүүхдийн гэсэн тодотголтой барилгуудыг улс өөрөө дээрэмдээд авчихсан шүү дээ. Бид нар үүнийг буцааж, мэдэлдээ авах санал гаргасан. 

Тухайлбал,

  • Одоогийн Хөрөнгийн бирж дээр үед Хүүхдийн кино театр,
  • 23-р сургуулийн хажууд байрлах Христийн сүм-Хүүхэлдэйн театр,
  • Сталины номын сангийн хойно байрлах дэлгүүр-Хүүхдийн бамбарууш кофе,
  • Циркийн баруун хойд 45-р сургуулийн дэргэд Хаан банкны байр-Хүүхэд залуучуудын театр
  • Хан-Уул дүүрэгт байрлах “Талх Чихэр” компанийн үйлдвэр-Хүүхдийн сүүний үйлдвэр
  • Капитал банкны барилга-Хүүхдийн хувцасны үйлдвэр
  • Худалдаа хөгжлийн банкны төв салбарын байр хуучин Хүүхдийн төв номын сан байсан.

Тиймээс фондоор цуглуулсан мөнгийг өндөр төсөвтэй шинэ барилга барихад зарцуулах биш, байсан зүйлсийг нь эргүүлээд авахыг хүссэн. Жишээ дурдвал хуучин Хүүхдийн хувцасны үйлдвэр байсан барилгад Капитал банк орсон. Тус банк одоо дампуурчихсан шүү дээ. Тиймээс энэ барилгыг буцаагаад Хүүхдийн хувцасны үйлдвэрээр ажиллуулбал нэгд ажлын байр бий болно. Нөгөөтээгүүр хүүхдүүд урдаас орж ирсэн биш, Монголдоо үйлдвэрлэгдсэн хувцсыг өмсдөг болно. Энэ мэт урьд нь хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байсан хувьчлагдсан барилгуудыг буцаан авах саналыг тусгасан.

Гуравдугаарт, хүүхдийг төрийн дээд одон медалиар шагналаар шагнадаг байсан уламжлалыг сэргээх. Сая Ерөнхийлөгч анх удаа Баян-Өлгийн бүргэдчин охиныг алтан гадас одонгоор, мөн үерээс хүүхдийн амь аварсан Өвөрхангайн ах дүү хоёр болох Б.Гурвансайхан, Б.Галбадрах хоёрыг “Шударга журам” медалиар шагнасан. Энэ мэт хүүхдийн хөдөлмөрийг үнэлдэг болох хэрэгтэй. Оюун ухаанаар, спортоор дэлхийд нэрээ гаргаж буй хүүхдүүдийг хувийн компаниуд л шагнаж, урамшуулж харагддаг. Хүүхдүүдэд зүгээр цаасан ууттай бэлэг өгөөд өнгөрөх биш, дараа дараагийн тэмцээнд явахад нь, сургалтын төлбөрт нь тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж, авьяас, оюун ухааныг нь услаад явах хэрэгтэй. 

Дөрөвдүгээрт, өвдсөн хүүхдийн эмчилгээ, сувилгааны зардлыг сангаас гаргах. Хүүхэд нь хүндээр өвдсөн эцэг эхчүүд өөрсдөдөө байгаа бүхнээ зарж, арга ядсандаа хандив гуйж байна шүү дээ. Тиймээс хүүхдүүдийн өвчнийг эмчлэхэд Хүүхдийн төлөө фондоос хөрөнгө гаргах гэх мэт саналуудыг оруулсан байгаа. 

Т.Бат-Очир гуай

-БӨХЧҮҮДИЙГ ҮНЭТЭЙ МАШИНААР ШАГНАДАГ ХЭРНЭЭ ДЭЛХИЙД ОЮУН УХААНААРАА ТЭРГҮҮЛСЭН ХҮҮХДҮҮДЭД УУТТАЙ БЭЛЭГ ӨГЧ БАЙНА-

-Хүүхдийн төлөө фонд байгуулснаар энэ бүгдийг хийх бүрэн боломжтой юү?

-Хүүхдийн төлөө фондыг байгуулсны дараа 10 жилийн хугацаанд 68 цэцэрлэг, 10 эмнэлэг сувиллын газар, Олон Улсын Найрамдал зуслан, усан бассейн, Залуу техникчдийн ордон, 40 гаруй Пионерын зусланг барьж, бүтээсэн. Эдгээр бүтээн байгуулалт зөвхөн иргэд нэг өдрийн цалингаа хандивлаж цугласан мөнгөөр бий болсон. Одоо ААН, яамдуудын тоо нэмэгдэж, бүр олон болсон шүү дээ. Тэгэхээр бүрэн боломжтой. 

-Засгийн газрын зүгээс фонд байгуулсны дараа тантай холбогдов уу? 

-Үгүй ээ. Харин Парламентын сэтгүүлч н.Болд холбогдож нэвтрүүлэгт орооч гэсэн санал тавьсан. Миний зүгээс УИХ-аас төлөөлөл болгож гишүүн Б.Энхбаяр, Х.Булгантуяа, ХНХЯ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас тус тус төлөөлөл, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх асан Г.Уянга, УБТЗ ХНН-ын зөвлөх Р.Раш гэх мэт хүмүүстэй хамт оролцох санал тавиад байгаа. 

-Тэгвэл та бүхний зүгээс одоо эрх баригчид яг ямар шийдвэр гаргавал болох юм бэ. Гарц гаргалгааг нь юу гэж харж байна? 

-Дээр дурдсанчлан Хүүхдийн төлөө санг удирдах орон тооны бус зөвлөлтэй болгож, анх санаачилсан Төмөр замын дэргэд, ХНХЯ-ны харьяанд байгуулах хэрэгтэй байна. Манай байгууллагын зүгээс орон тооны бус зөвлөлд орох хүсэлтэй байгаа. Энэ зөвлөлд төр, иргэдийн төлөөлөл ч орох юм. Нөгөө нэг нь хүүхдийг шагнах болзол батлуулах. Улсын баяр наадмаар түрүүлсэн бөхөд үнэтэй машин өгдөг хэрнээ, дэлхийд нэрээ гаргаж буй хүүхдүүдэд ууттай бэлэг өгөөд л өнгөрч байна. Гэтэл тэдний эцэг эхчүүд нь хүүхдээ уралдаан тэмцээнд нь явуулахын тулд байр, машинаа зарж өр тавьдаг.  Энэ байдлыг зогсоож, бодитой ажил болгохыг хүсэж байна. Бид цаашдаа энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандахаар төлөвлөж байна. 

-Ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа




Өнөөдөр бич өдөр

47 минутын өмнө