Б.Бурмаа: Гурван сая төгрөгөөс болж аавыгаа эмчлүүлж чадалгүй нутаг буцах үед үнэхээр аймшигтай санагдаж байсан

Б.Бурмаа: Гурван сая төгрөгөөс болж аавыгаа эмчлүүлж чадалгүй нутаг буцах үед үнэхээр аймшигтай санагдаж байсан

Ходоодны хавдар оноштойгоор Улаанбаатар хотод эмчлүүлэхээр ирсэн Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын иргэн Т.Батбаяр гуайн ар гэрийнхнээс Хавдар Судлалын Үндэсний төвийн/ХСҮТ/ эмч Э.Эрхэмбаяр хэт тулгуу хугацаатайгаар гурван сая төгрөг нэхэмжилсний улмаас эмчлүүлж чадалгүй нутаг буцсан хэргийг өнгөрсөн долоо хоногт “Livetv” сайтын сэтгүүлчид сурвалжилсан. Улмаар энэ хэрэг олон хүнийг эмзэглүүлэн, дээд, доод түвшний эрх баригдын анхааралд орж, ХСҮТ-ийг тойрсон маргаан хүчтэй өрнөсөн юм.

Тэгвэл өчигдөр /2021.01.13/ УИХ-ын гишүүн, ХСҮТ-ийн Ерөнхий захирал асан Ж.Чинбүрэн, Т.Батбаяр гуайтай холбогдож “Сонгдо” эмнэлэгт арван хоёрдугаар сарын 31-ний өдөр үзүүлсэн шинжилгээний хариунаас тань дүгнэлт хийж үзэхэд “Ходоод тайрах хагалгаанд оруулах боломжтой” гэсэн дүгнэлт гарсан. Яаралтай ирж шинжилгээнд хамрагдаж хагалгаанд орно уу" гэсэн хариуг өгсөн талаар мэдэгдсэн билээ. Үүний дагуу Т.Батбаяр гуай маргааш/2021.01.15/ Улаанбаатар руу ирэхээр бэлтгэлээ базааж эхэлжээ. Бид Т.Батбаяр гуайн охин Б.Бурмаатай холбогдож, аавынх нь биеийн байдал ямар байгаа талаар болон нэвтрүүлэг цацагдсаны дараах болсон үйл явдлын талаар ярилцлаа.

-ААВ МААНЬ ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ, ЗӨВХӨН ХӨНГӨВЧЛӨХ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭНЭ ГЭДГИЙГ СОНСООД ҮНЭХЭЭР ХҮНД БАЙЛАА-

-Сайн байна уу. Т.Батбаяр гуайн бие хэр байна вэ. Улаанбаатар хот руу хэзээ ирэх гэж байна?

-Сайн. Сайн байна уу. Аавын маань ходоод нь их өвдөж байгаа. Хоол унд идэж чадахгүй, зовиуртай байна. Бид энэ баасан гарагт Улаанбаатар хот руу явахаар бэлтгэлээ базаагаад сууж байна даа.

-Аавтай тань холбоотой асуудал олон нийтэд ил болсны дараа ямар үйл явдал болов. ХСҮТ-ээс танай гэр бүлтэй дахин холбогдов уу?

-Нэвтрүүлэг гарснаас хойш аавд маань туслахыг хүссэн, зөвлөгөө өгөхийг хүссэн олон хүн бидэнтэй холбогдсон. Ж.Чинбүрэн эмч хамгийн сүүлд “Сонгдо” эмнэлэгт үзүүлсэн аавын шинжилгээний материалуудыг үзээд “хагалгаа хийх боломжтой эсэхийг бидэнд хэлье” гэсэн. Дараа нь аавын өвчний түүхийг үзээд “Хагалгаа хийх боломжтой юм байна. Бид аавд тань химийн тариа хийх эсвэл шууд хагалгаанд оруулах эсэхийг ирэхээр нь томографд оруулж, дахин шинжилгээ авсны дараа шийднэ” гэж ярьсан. Өмнө нь үзүүлэхэд аавыг эмчлэгдэх боломжгүй, зөвхөн хөнгөвчлөх эмчилгээ хийлгэнэ гэдгийг сонсоод бидэнд үнэхээр хүнд байлаа.

-Аавын тань талаар мэдсэн олон хүн туслахыг хүсэж, хандив өгөх тухай ярьсан байсан. Та бүхэнтэй хандив өгөхийг хүссэн хүмүүс холбогдож байна уу?

-Эрдэнэт хотод амьдардаг бас аав шиг минь ходоодны хорт хавдрын дөрөвдүгээр үед шилжиж, хагалгаанд орсон н.Билэгтсайхан гэж хүн бидэнтэй холбогдож “хэрэв зөвшөөрвөл хандив цуглуулж, чадах чинээгээрээ тусалмаар байна” гэсэн. Бид их баярлаж байгаа.

-Батбаяр гуайг хагалгаанд орохын өмнөхөн ХСҮТ-ийн эмч Э.Эрхэмбаяр гурван сая төгрөг нэхсэн асуудал гарч ирсэн. Та бүхэнд яг хэзээ хагалгааны төлбөрийн талаар хэлсэн бэ?

-Аав маань өнгөрсөн гуравдугаар сарын 6-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт очиж шинжилгээ өгч, хавдартай гэдгээ мэдсэн. Улмаар ХСҮТ-д очиж, эмч нарын хурлаар ороход “хагалгаа хийлгэх бүрэн боломжтой” гэж дүгнэн гуравдугаар сарын 24-ний өглөөний 08.00 цагт товлосон. Бид үүний дагуу өмнө өдөр нь буюу гуравдугаар сарын 23-ны өдөр эмнэлэгт очсон. Аав маань эмнэлгийн хувцсаа сольж, өрөөнд орсны дараа Э.Эрхэмбаяр гэдэг эмч ээж бид хоёрыг дуудаж “Энэ хүнийг хагалгаанд орох эсэхийг шийд” гэж хэлээд ямар эрсдэл учирч болох тухай тайлбарлаж, “хагалгаанд ороход гурван сая төгрөг хэрэгтэй болно” гэж хэлсэн.  Уг нь хагалгаанд гурван эмч орох ёстой байсан юм байна лээ. Гэтэл ээж бид хоёр хагалгааны өрөөний гадна сууж байтал Э.Эрхэмбаяр эмч ганцаараа дуудаж уулзсан. Гурван сая төгрөг авч буй шалтгаан нь “хүнд, эрсдэлтэй хагалгаа учраас тоног төхөөрөмж дутмаг байдаг. Тиймээс гурван сая төгрөг өгөх шаардлагатай байна” гэсэн.

-ААВ МААНЬ БИДЭНД САНАА ЗОВСОНДОО Л ХАГАЛГАА
ХИЙЛГЭХГҮЙ ГЭСЭН БАЙХ-

-Ээж тань дахин нэг хоногийн хугацаа өгөхийг гуйсан гэж дуулсан?

-Тийм ээ. Э.Эрхэмбаяр эмч “Өглөө 08.00 цагт хагалгаанд ороод 11.00 цагийн үеэр гарч ирэхэд нь та нар мөнгөө бэлэн болгосон байх хэрэгтэй шүү” гэж хэлсэн. Харин ээж маань “Одоохондоо бидэнд хоёр сая төгрөг л бэлэн байна. Нэмж мөнгө олох боломжгүй байна. Бид нар хамаатан садан, таньдаг хүмүүсээсээ мөнгө асууя. Дахиад хоёр, гурван хоног хойшлуулж болох уу” гэсэн. Гэтэл эмч “Болохгүй. Та нар одоо шийдээ хэл” гэсэн. Ээж эмчийн өрөөнд суугаад аавын ах руу залгаж нөхцөл байдлыг хэлж байтал Э.Эрхэмбаяр эмч “Та хоёр шийдэж чадахгүй байх шиг байна. 20 минутын хугацаа өгье. Гараад энэ хүнийгээ /Батбаяр гуайг/ хагалгаанд оруулах эсэхийг шийдээд, мөнгө төгрөгөө бэлэн болгоод ороод ир” гэсэн. Үүний дараа ээж маань аавын ах руу залгаж, зөвлөлдөж өөрт нь хэлсэн. Харин аав “Хагалгаа хийлгэлгүйгээр гэртээ харъя” гээд бид гурав яах учраа олохгүй л эмнэлгээс гарсан даа. Аав маань тэр үед ээж бид хоёрт санаа зовсондоо л тийм шийдвэр гаргасан байх. 

-Хагалгаанд орохоо больсон гэсэн шийдвэрээ Э.Эрхэмбаяр эмчид хэлэхэд ямар хариу хэлсэн бэ?

-“Заа. Ойлголоо” гэсэн. Өөр зүйл хэлээгүй ээ.

-Та гурав их хол замыг туулж хотод ирсэн. Гэтэл муу мэдээтэй нутаг буцахад үнэхээр хүнд байсан байх?

-Тэгэлгүй яахав. Саяхан бид “Сонгдо” эмнэлэгт хагалгаа хийлгэх бодолтой очсон. Гэтэл “хагалгаа хийлгэх боломжгүй, хавдар нь ходоодыг нь дүүргэж, улаан хоолой руу өгссөн байна. Тиймээс хөнгөвчлөх эмчилгээ хийлгэх л боломжтой” гэж хэлсэн. Гурван сая төгрөгөөс болоод аавыгаа эмчлүүлж чадалгүй нутаг буцах үед үнэхээр аймшигтай санагдаж, толгойд юу ч бодогдохоо больчихдог юм байна лээ. Одоо бол аавын маань хагалгаа амжилттай болоосой гэж л залбирч байна.

-За баярлалаа. Аавын тань хагалгаа амжилттай болоосой гэж олон хүн залбирч байгаа байх. Танай гэр бүлд эрүүл энхийг хүсье.

-Баярлалаа. Аавд минь тусалж буй бүх хүнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.