Нийслэлээс Дундговь аймаг руу зөвшөөрөлгүй хүн тээвэрлэсэн жолоочийг шалгаж байна

Нийслэлээс Дундговь аймаг руу зөвшөөрөлгүй хүн тээвэрлэсэн жолоочийг шалгаж байна

Коронавирусийн цар тахлын үед хорио цээрийн дэглэмийг зөрчин Улаанбаатар хотоос зөвшөөрөлгүй хүн тээвэрлэн Дундговь аймагт ирсэн иргэнийг илрүүлэн шалгаж байгаа талаар тус аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, аймаг, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглож, зөвхөн хүнс, өвс тэжээл тээвэрлэх, буяны ажилд оролцох, хүнд өвчтэй хүнийг тээвэрлэхийг зөвшөөрч байгаа юм. Харин зөвшөөрөлгүй хүн тээвэрлэсэн жолоочийн хувьд “Өлзийт хороололд аавтайгаа уулзах гэж ирээд, Дундговь явах хүмүүс байхаар нь аваад гарсан. PCR шинжилгээ өгсөн л бол явж болно гэж ойлгосон. Хууль, журмыг дутуу ойлгож, мэдсэний улмаас буруу үйлдэл хийснээ ухаарч байна” гэсэн тайлбарыг өгчээ.

Зөрчлийн тухай хуульд зааснаар гамшгийн үед хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, дэглэм зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах хуулийн зохицуулалттай. Тиймээс хорио цээрийн дэглэмийг зөрчихгүй байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна.