Ц.Ганзориг: "Мон эм импекс", "Интермэд" зэрэг хувийн хэвшлүүд эхнээсээ вакцин оруулж ирсэн

Ц.Ганзориг: "Мон эм импекс", "Интермэд" зэрэг хувийн хэвшлүүд эхнээсээ вакцин оруулж ирсэн

Манай улсад коронавирусийн халдвар буурахгүй байгаа ч, НОК-ийн зүгээс чанга хатуу хөл хориог дахин тогтоохгүй, харин вакцинжуулалтыг яаравчлах шаардлагатай байгаа гэж мэдэгдэж буй.

Тэгвэл УОК-оос вакцинжуулалтыг эрчимжүүлж, хувийн хэвшлүүдэд АстраЗенека зэрэг вакцин оруулж ирэх зөвшөөрлийг олгосон, эхнээсээ зарим хувийн хэвшлүүд орж ирсэн бололтой.

Учир нь Засгийн газрын хэвлэл мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг, “Хатуу хөл хорио тогтоохгүй. гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлээд Улаанбаатар хотын 15-20 мянган иргэнийг өдөр бүр вакцинжуулна. Худалдаа, үйлчилгээний салбар, бүх шатны боловсролын багш ажилчдыг ирэх 7 хоног гэхэд хамруулж бусад насныхан сайн дураараа АстраЗенека, Спутник, Синовак хийлгэж болно” гэж мэдэгдсэн юм.

Харин түүнээс “нэмэлт вакцин ирсэн юм болов уу? Монос зэрэг хувийн хэвшилд оруулж ирэх зөвшөөрөл өгөх үү” гэсэн асуултад, тэрээр “Өгсөн. Монос энэ сард 65 мянган тун АстраЗенека вакцин оруулж ирэх тухайгаа сүүлд уулзахдаа хэлсэн. Цаашид ч оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Мон эм импекс, Интермэд гэх мэт хувийн хэвшлүүдээс эхнээсээ оруулж ирсэн” гэж мэдэгджээ. Харин түүний энэхүү мэдэгдлийн хариуд Монос группийн Л.Эрдэнэчимэг “Уучлаарай. Монос зөвшөөрлөө аваагүй байгаа. Та нар зөвшөөрөл өгсөн гэх, ЭМЯ-аас юм юм шаардаад одоо болтол өгөөгүй л байна шүү” гэжээ.