Ж.Гантулга: Сүүлийн үед залуус шөнө унталгүй PUBG тоглох болсноор сэтгэл санаа нь тогтворгүй, уур уцаартай болох хандлага үүссэн

Ж.Гантулга: Сүүлийн үед залуус шөнө унталгүй PUBG тоглох болсноор сэтгэл санаа нь тогтворгүй, уур уцаартай болох хандлага үүссэн

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэдийн дунд дэлгэцийн донтолт гэх эмгэг түгээмэл тархах болсон. Бүх зүйл цахим хэлбэрт шилжиж, бага насны хүүхдүүд ч мөн гар утас хэрэглэх болсон өнөө үед энэ хэлбэрийн эмгэг нас, хүйс хамааралгүй иргэдэд илрэх болсон юм.

Түүнчлэн коронавируст халдварын улмаас дэлхий нийтээрээ хөл хорионд ороод байгаа энэ цаг хугацаанд томчууд онлайнаар ажлаа хийх болсон бол хүүхдүүд ч онлайнаар хичээлдээ суух болсон. Энэхүү нөхцөл нь дэлгэцийн донтолт гэх эмгэг иргэдийн дунд даамжрах гол шалтгаан болсон бөгөөд өөрийн мэдэлгүй гар утсаа барьж авдаг хөнгөн хэлбэрийн эмгэг ч иргэдэд түгээмэл тохиолдох болжээ.

ҮЗЭХ:

Хэд хоногийн өмнө цахим орчинд PUBG гэх тоглоомонд донтсон залуугийн бичлэг тарж олны анхаарлыг ихээхэн татсан. Тус залуу мөн л дэлгэц, цахим тоглоомонд донтох эмгэг туссан талаар зарим иргэд мэдээлж байсан бөгөөд энэхүү шинж тэмдэг нь сэтгэцийн тохиолдол хэт хүндэрсэн тохиолдолд илэрдэг байна. Үүнээс гадна цар тахлаас үүдэн тогтоогоод буй хөл хорионоос болж маш олон хүн сэтгэл гутралд орж, ганцаардах мэдрэмж авч эхэлжээ. Мөн хэд хэдэн иргэн өндрөөс үсэрч, өөрийгөө шатааж амиа егүүтгэсэн нь нийгмийн сэтгэл зүй хэр их эмзэг болж буйг илэрхийлж байгаа юм. Бид дээрх сэдвээр Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн сэтгэцийн эмч, Ж.Гантулгатай ярилцлаа.

СОНСОХ:

-ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ НАС, ХҮЙС ХАМААРАЛГҮЙ ДЭЛГЭЦНЭЭС ХАМААРАЛТАЙ БОЛОХ ХАНДЛАГА СҮҮЛИЙН ҮЕД ИХ АЖИГЛАГДАЖ БАЙНА-

-Дэлгэцэнд донтох эмгэг ихэвчлэн аль насныханд түлхүү илэрдэг вэ, насанд хүрэгчдийн хувьд ямар түвшинд байгаа вэ?

-Донтох эмгэгийг үндсэн хоёр хэсэгт хувааж болно. Нэгдүгээрт, архи тамхи ямар нэгэн мансууруулах бодис, эм зэрэгт донтох хэлбэр, нөгөө нь зан үйлийн хүрээнд илэрч байгаа донтолтын хэлбэр юм. Гэхдээ энэхүү хоёр донтолтын хэлбэр нь тархинд ижил байдлаар нөлөөлдөг нь судалгаагаар тогтоогдсон. Дэлгэцийн донтолтын хувьд ихэвчлэн хүүхдүүд рүүгээ анхаарч ярьдаг байсан бол сүүлийн үед бүх насныханд хамааралтай эмгэг болж ирээд байгаа юм. Учир нь техник, технологи хэрэглэхгүйгээр амьдрах боломжгүй болсон өнөө үед хүн бүрийн амьдралд тодорхой хэмжээгээр дэлгэцийн хамаарал үүсээд байгаа шүү дээ. Тиймээс нас, хүйс хамаарахгүйгээр хүн бүрийн хувьд дэлгэцийн хамаарал тодорхой хэмжээнд их байна. Харин түүний зөв зохистой хэрэглээ, дадал зуршил хамгийн чухал болоод байгаа юм.  

-Ер нь хөл хориотой холбоотойгоор танай эмнэлэгт дэлгэцэнд донтсон иргэд тэр тусмаа насанд хүрэгчид хэр их хандаж байна?

-Ер нь бол одоогоор “дэлгэцэнд донтчихлоо” гээд СЭМҮТ-д эмчлүүлж байгаа насанд хүрсэн хүн байхгүй байна . Гэхдээ сошиал хэрэглээндээ маш их санаа зовдог, дэлгэцийн зүй зохистой хэрэглээг эрэлхийлдэг хүмүүс холбогдож зөвлөгөө мэдээлэл их авах тохиолдол байна. Бага насны хүүхдүүдийн хувьд дэлгэцийн зөв дадал хэвшил болон зохистой хэрэглэх үлгэр дуурайллыг эцэг, эхээсээ нэн түрүүнд олж авдаг. Та хүүхдийнхээ нүдэн дээр утсаа оролдоод, зурагтаа үзээд л хэвтээд байвал хүүхэд тань таныг дуурайгаад л дэлгэцийн хамааралтай болоод байна гэсэн үг. Дэлгэцийн хэрэглээг хүүхдүүддээ зөв зааж өгдөг, өөрсдийгөө хянаж чаддаг эцэг, эхчүүд мэдээж байна. Гэтэл өөрсдийгөө хянаж чадахгүй, хүүхдүүддээ мөн санаа зовоод байгаа эцэг, эхчүүд байдаг. Тийм хүмүүс ирж зөвлөгөө авч байна. Тиймээс ядаж өдөрт 30 минут утсаа тавиад, зурагт, комьютерээ унтраагаад гэр бүлийнхнээрээ тоглох, хоол ундаа хамтдаа бэлдэх хийх зэрэг дадлыг бий болгох хэрэгтэй. Угаас дэлхий нийтээрээ хүссэн хүсээгүй дэлгэцний хамаарал бий болж байгаа. Тиймээс хувь хүн бүрт хяналт, зөв зохицуулалт хэрэгтэй байгаа юм.  

-ЗАЛУУС ШӨНӨ УНТАЛГҮЙ ЦАХИМ ТОГЛООМ ТОГЛОСОНООС ҮҮДЭЖ, ӨГЛӨӨ АЖИЛДАА ЯДАРСАН БАЙДАЛТАЙ ИРЭХ, АЖЛЫН БҮТЭЭМЖ БУУРАХ ҮЗЭГДЛҮҮД ИХ ГАРАХ БОЛЖЭЭ-

-Дэлгэцэнд донтсон хүнд ямар шинж тэмдэг түлхүү илэрдэг вэ?

-Ер нь бол өөрийн хийх ёстой зүйлээ хийх цаг хугацаандаа хийлгүйгээр цагаа хий дэмий үрж, утсаа оролдох, сошиал ертөнцөд цагийг ихээр өнгөрөөж байгаа бол энэ асуудал. Мөн нэг орой өөртөө шаардлага тавиад унтахаасаа өмнө утсаа оролдолгүй унтчихаад маргааш орой нь энэ үйлдэлээ давтаж чадахгүй байгаа бол бас л нэг асуудал. Ямарваа нэгэн байдлаар дэлгэцнээс хамааралтай болж байна гэсэн үг. Мөн сэтгэл санаа тавгүй болсон үедээ амьд харилцааг эрхэмлэлгүйгээр нэг мэдэхэд та утсаа оролдоод эхэлчихсэн байна уу гэх мэтчилэн олон шинж тэмдэг бий  л дээ. Нөгөө талаараа хүмүүс яг хийх ёстой ажлаа хийгээд 5, 6 цагаар компьютерийнхээ ард үр бүтээмжтэй сууж чадаж байвал үүнийг асуудал гэж үзэхгүй. Харин тэгж ажилладаг хүмүүс тодорхой хэмжээнд нүдээ амраах, биеийнхээ чилээг гаргах зэрэг дадлуудыг өөртөө суулгах хэрэгтэй.

-Ер нь энэ төрлийн эмгэгтэй хүнийг хэр хугацаанд, ямар эмчилгээгээр хэвийн болгодог вэ?

-Одоогоор хүмүүсийг яг дэлгэцэнд донтчихсон гэсэн оношоор оношлохгүй байгаа л даа. Яагаад гэвэл энэ нь харьцангуй шинэ үзэгдэл учраас. Яг энэ хүн фейсбүүкд донтчихсон, инстаграмд донтчихсон гэсэн тохиолдол тун цөөн. Гэхдээ удахгүй энэ нь нэгэн шинэ үзэгдэл, онош болж орж ирэхийг үгүйсгэхгүй болчихоод байгаа юм. Харин насанд хүрэгчдийн хувьд ямар нэгэн мөрийтэй тоглоом, компьютер тоглоомонд донтчихсон хүмүүс бий. Тухайн хүмүүс зүв зүгээр хэвийн байж байгаад гэнэт ямар нэгэн зүйлд донтогч болж хувирдаггүй л дээ. Үүний өмнө тодорхой үе шатуудыг туулдаг гэсэн үг.

Эхлээд олон цагаар хэтрүүлэн тоглох, энэ үзэгдэл нь олон удаа давтагдах, тоглоомоо тоглоогүй байгаа ч байнга бодоостой явж байдаг, хэрэглээгээ багасгая гэж бодсон ч түүнийгээ биелүүлж чадахгүй байх цаашлаад гэр бүлийнхэн, ойр дотныхноосоо нууцаар, худлаа ярьж тоглож эхлэх, энэ нь бүүр даамжраад хичээл сурлага, ажил амьдралд нь нөлөөлж эхэлснээр донтох үйл явц бүрэн явагдаж дуусдаг гэсэн үг. Тиймээс нэн түрүүнд тухайн хүний амьдралын хэв маягийг өөрчилөхөд чиглэсэн зөвлөгөөнүүдийг өгөх, үүнээс гарах сөрөг үр дагаврыг нь тайлбарлаж ярилцах, ганцаарчилсан зөвлөгөө гэх мэт олон төрлийн эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг. Гэхдээ өөрийгөө анзаараад үнэхээр болье гээд ирж байгаа хүмүүст эмчилгээний үр дүн маш хуран гардаг, гэтэл өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй, сайн анзаарч мэддэгүй хүмүүс их хүндрэлтэй байдаг.

-Өсвөр насны хүүхдэд өдөрт гурван цагийн дэлгэцний хэрэглээг ер нь тохиромжтой гэж үздэг шүү дээ. Насанд хүрсэн хүний хувьд өдөрт хэдэн цаг дэлгэц ширтэх нь хэвийн үзэгдэл гэж үздэг вэ?

-Ер нь яг тогтсон цаг хугацаа гэж байдаггүй л дээ. Гэхдээ ямар ч ач холбогдолгүй зүйлд цагаа их зарцуулж дэлгэц ширтэх нь тохиромжгүй. Тиймээс аль болох хурдан ажлаа амжуулчихаад, ухамсартайгаар дэлгэцийн урдаас босож сурах хэрэгтэй.

-БАГА ДЭЭР НЬ ЦАХИМ ТОГЛООМОНД ЗАРЦУУЛЖ БУЙ ЦАГ ХУГАЦААГАА ХЯНАХ, ӨӨРИЙГӨӨ УХАМСАРТАЙГААР УДИРДАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТУС ЗАЛУУ ШИГ БОЛОХ ЭРСДЭЛ БИЙ-

-Энэ долоо хоногийн эхээр цахим орчинд PUBG  гээд цахим тоглоомонд донтсон залуугийн бичлэг яваад байсан. Ер нь ийм төрлийн өвчин хүндэрхээрээ тийм болдог юм уу, ийм тохиолдол танай эмнэлэгт хэр их хандаж, эмчлүүлдэг вэ?

-Тэр залуугийн бичлэгийг үзсэн л дээ. Миний анзаарснаар хажуунаас нь хүн дуудаад, нэрийг нь асуугаад байхад хариу үйлдэл үзүүлэхгүй, гар хуруугаараа оролдоод, орчноосоо тасарчихсан байдалтай байсан. Бидний хувьд эхлээд үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж үздэг л дээ. Тухайн хүн үнэхээр цахим тоглоомноос болоод тийм байдалд хүрэв үү, аль эсвэл өөр сэтгэл зүйн асуудлууд, амьдралын хүчин зүйлс нөлөөлөв үү гээд их олон зүйл хамааралтай байдаг.

Яг бичлэгнээс хараад тэр хүн тоглоомноос болоод ийм болсон гээд хэлчих боломжгүй юм. Хэрвээ тэр хүн зөвхөн тоглоомноос болоод тийм болчихсон байвал энэ хүний сэтгэцийн асуудал маш хүнд хэлбэрт шилжчихсэн байна аа гэсэн үг. Тийм хүнд нэн түрүүнд маш сайн амралт, сэтгэц засалын эмчилгээ хэрэгтэй. Манайд хандаж байгаа залуучуудын хувьд үнэхээр тэгж хүнд байдалд орчихоогүй ч гэсэн шөнө нойргүй тоглох, өглөө ажилдаа ирэхдээ унтаж амраагүй үхээнц царайтай ирэх, ажлын бүтээмж буурах гэсэн асуудлуудаар их ханддаг. Нэг байгууллагын менежер ч хандаж байсан л даа манайд.

Манай залуус шөнөжингөө унтахгүй Pub G гэдэг тоглоом тоглоод байна аа, танайхтай хамтарч сургалт зохион байгуулах хүсэлтэй байна гээд ярьж байсан. Тэр залуус бүгд насанд хүрсэн хүмүүс байсан. Тэгэхээр үүнийг бага дээр зогсоож, хяналт тавихгүй бол бичлэг дээр гарсан залуу шиг болох эрсдэл бий. Залуу гэр бүлүүд ч мөн ханддаг. Жишээлбэл, хэд хэдэн эмэгтэй “манай нөхөр ажлаа тараад гэртээ ирэлгүй Pub G тоглоод суучихлаа, аль эсвэл ажлаасаа гэртээ ирээд шууд тоглоод эхэлдэг гэх мэт асуудлаар хандаж байсан. Нөхрүүдийн талаас мөн энэхүү цахим тоглоомны хамаарлаасаа болоод гэнэт уурлаж, уцаарлах цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэх мэт сөрөг үр дагаврыг ч бий болгодог.

-Цахим тоглоомонд донтсон хүмүүс ямар байдалтай болдог вэ?

-Би цөөн боловч хэд хэдэн компьютер тоглоомонд донтсон хүүхдүүдтэй ажиллаж байсан. Ер нь анхаарлаа төвлөрүүлэх чадвар нь маш сул болчихдог юм билээ. Анхаарал нь маш хурдан сарнина, хоорондоо ойлголцож, ярилцах чадваргүй, миний ярьж байгаа энгийн зүйлсийг ойлгохгүй ярилцаж байгаад гэнэт “та сая юм асуусан уу” гэх мэт хүндрэлтэй байдал бий болдог.

-Өнгөрсөн саруудад нийслэлд хэд хэдэн удаа хөл хорио тогтоосон. Энэ нь хүмүүсийн сэтгэл зүйд их хүчтэй нөлөөлж байх шиг байсан. Танай эмнэлгийн утас руу хүмүүс их холбогдож зөвлөгөө мэдээлэл авч байв уу?

-Монголчуудын хувьд нийтлэг зургаан сэтгэл зүйн эмгэгүүдэд ихэвчлэн өртдөг. Архинд донтох, сэтгэл гутрал, сэтгэл түгших, тайлбарлаж болшгүй биеийн зовиур шаналгаа буюу сэтгэл санааных нь асуудал биеийн зовиураар илрэх, нойрны өөрчлөлт, архаг ядаргаа гэсэн зургаан эмгэг манайханд зонхилон тохиолддог. Харин хөл хорионы үед хүмүүс нэгдүгээрт, санхүүгийн хүндрэлээс болж их стреттсэн байсан. Мөн өөрт шаардлагатай хэрэгцээнүүдээ хангаж чадахгүйгээс үүдээд хүмүүс маш их бухимдаж, сэтгэлд гутралд орох шинж тэмдэг ажиглагдаж байсан. Тодруулбал, долоо хоног бүр  найз нөхөдтэйгээ уулздаг, дэлгүүр хэсдэг, ууланд гардаг байсан хүмүүс гэнэт гэртээ хоригдчихоор тодорхой хэмжээнд сэтгэл санаанд өөрчлөлт ордог гэсэн үг. Тиймээс сэтгэл санаагаа үргэлж тэнцвэртэй байлгаж байх нь чухал.

-НОЙР БОЛ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУУРЬ УЧРААС МАШ САЙН УНТАЖ АМАРЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ-

-Мөн дээрх хугацаанд хэд хэдэн хүн өндрөөс үсэрч амиа хорлох, өөрийгөө шатаах тохиолдлууд гарч байсан. Энэ нь мөн сэтгэл зүйтэй холбоотой байх?

-Энэ бол маш өргөн хүрээнд яригдах асуудал л даа. Мэдээж амиа хорлолтонд нэн түрүүнд сэтгэл зүйн асуудал, амьдралын шалтгаан гээд олон хүчин зүйлс нөлөөлнө. Асуудлаа шийдэж чадахгүй цөхөрснөөс үүдэж амиа хорлох сэдэл хүнд бий болдог шүү дээ. Мөн түгээмэл шалтгаанууд нь хайр дурлалын асуудал, үнэ цэнтэй зүйлээ алдах, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ч юмуу тухайн хүнд ямар ч гарц байхгүй санагдаад л тийм зүйл хийх эрсдэл үүсдэг. Тиймээс хүмүүст юу ч тохиолдсон, ямар ч гарц боломж байхгүй мэт санагдвал нэгхэн алхамын цаана л  ямар нэг шийдэл, боломж, итгэл найдвар байж байдаг шүү, танд туслах хүн, таныг хайрладаг хүмүүс байдаг шүү гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Мөн ямар нэгэн асуудал тулгарахад хаашаа хандахаа мэддэг байна гэдэг хамгийн том боломж.

-Ер нь иргэн бүр өөртөө хэвшүүлвэл зохих сэтгэл зүйн ямар зөв дадал байдаг вэ, ярилцлагаа зөвлөгөөгөөр өндөрлүүлэе?

-Нэн түрүүнд хүн бүрт өгөх хамгийн чухал зөвлөгөө бол маш сайн унтаж амарч байх хэрэгтэй. Нойр бол сэтгэцийн эрүүл мэндийн суурь. Хоёрдугаарт, бусадтай аль болох харилцаанд орж байх, өөрийг тань маш сайн ойлгодог нэг юмуу хоёр хүн байх нь их чухал. Сэтгэл санаагаа нээж ярилцах хүн гэсэн үг. Хэрвээ тийм хүн байхгүй бол сэтгэл зүйчид хандах соёл хүн бүрт байх хэрэгтэй байгаа юм. Мөн сэтгэл санааг цэгцлэх йог, бясалгалын дасгалыг амьдралынхаа хэвшил болгож чадвал хүн сэтгэл зүйн дархлаатай болж, өөрийгөө сонсож, ойлгож сурдаг. Үүний дараагаар өөртөө битгий хатуурхаж, чанга шаардлага тавиарай гэж хэлмээр байна.