Замаас болж автомашинаа эвдсэн бол хохирлоо нэхэмжлэх боломжтойг ТА МЭДЭХ ҮҮ!

Замаас болж автомашинаа эвдсэн бол хохирлоо нэхэмжлэх боломжтойг ТА МЭДЭХ ҮҮ!

Өнөөдөр Улаанбаатар–Дархан, Улаанбаатар–Налайх чиглэлийн авто замуудыг шинэчлэх ажил өрнөж, тус замын хажуугаар тус бүр 1,8-4,0 тэрбум төгрөгийн төсөв гаргаж туслах зам барьсан гэж байгаа ч ийм хэмжээний мөнгө зарцуулагдсан нь тодорхойгүй, мөн авто замаас болж иргэд автомашинаа эвдэх, эд хөрөнгийн хохиролд орох, цаашлаад амиа насаа алдах тохиолдол гарч байна. 

-2019 ОНД ЗӨВХӨН УЛААНБААТАР-ДАРХАНЫ ЗАМД 25 ИРГЭН АМИА АЛДЖЭЭ-

Тухайлбал 2019 оны нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд Улаанбаатар-Дархан чиглэлийн замд нийт 265 осол гарснаас 25 иргэн амь насаа алдсан бол 79 иргэн гэмтэж бэртжээ. Мөн энэ онд Улаанбаатар-Налайх дүүрэг хүртэлх замд 129 осол гарснаас 1 иргэн амиа алдаж, 21 иргэн бэртэж гэмтсэн тоон мэдээлэл байна. Мөн дээрх чиглэлийн авто замаас гадна Өвөрхангай, Архангай зэрэг баруун аймгуудыг чиглэсэн авто замууд ихээхэн эвдэрсэн, үүнээс үүдэж иргэд автомашинаа эвдэх, эд хөрөнгө, санхүүгээрээ хохирч байгаа тохиолдол цөөнгүй байгаа ажээ.

-АВТО ЗАМААС БОЛЖ ИРГЭД ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ ХОХИРСОН БОЛ ГОМДЛОО БАРАГДУУЛАХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ-

Тэгвэл “Авто замын тухай хууль”-ийн 4.1.3 дугаар зүйлд “Авто замын арчлалт” гэж авто зам, замын байгууламжийн ашиглалтын төвшинг хэвийн байлгах зорилгоор өдөр тутам хийгдэх ажил, үйлчилгээг хэлнэ гэжээ. Мөн 10.2 дугаар зүйлд Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага авто замын арчлалт, урсгал засварын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий этгээдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж болно гэжээ.

Дээрх заалтаас үзвэл манай улсад авто замын арчлалт, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг төрийн эрх бүхий байгууллага хариуцаж, түүний тогтмол хэвийн үйл ажиллагааг хангаж байх үүрэг хуулиар хүлээдэг байна. 

Харин хуулийн 35.2 дугаар зүйл “Авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө” гэж заажээ. Иймд иргэд авто замаас болж автомашинаа эвдэх, эд хөрөнгө болоод санхүүгээр хохирсон бол хохирлоо авто замын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж байх үүрэгтэй, эрх бүхий байгууллагаас нэхэмжилж, гомдлоо барагдуулах хуулийн зохицуулалттай ажээ.

 Авто замын тухай хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.